НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас цахимжуулалтад анхаарч байна. Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 4-20-ныг дуустал болно. Орон нутгийн засаг захиргааны нэгж буюу дүүрэг, хороонд давхар бүртгэл хийнэ.
18 насанд хүрсэн иргэд хороондоо очиж дэвтэр нээлгэж, И-Монголиагаар бүртгүүлж эхлэх аж . Мөн шилжилт, хөдөлгөөн хийсэн иргэд хороондоо очиж бүртгэл хийлгэнэ. Түүнчлэн цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн тохиолдолд хороо, дүүрэгт шинээр дэвтэр нээлгэж, цэргийн бүртгэлд хамрагдана.
Цэргийн бүртгэлийг цахимаар хийсэн нь төрийн үйлчилгээг саадгүй хүргэж байна. нийслэлийн нэгдсэн үйлчилгээний зургаан цэгээр цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой. Цахим бүртгэлд зарим сайжруулалтыг хийсэн.
Батлан хамгаалах яам, Монгол Улсын засгийн газраас цэргийн албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн хаах мөнгөн дүнг сүүлийн хоёр жилд нэмэгдүүлээгүй. Иргэдийн ажил, амьдрал, цар тахалтай холбогдуулан 2020 оных хэвээрээ байгаа.
Цэрэг татлагын зарлан дуудах хуудас аваад ирээгүй, цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг торгож, хариуцлага тооцоогүй. Энэ жилээс хариуцлага тооцож эхэлнэ. Өнгөрсөн жилүүдэд цахимаар бүртгэдэггүй байсан болохоор хөдөө, гадаадад байгаа зэрэг бусад олон шалтгаантай иргэд цэргийн бүртгэл хийлгэж чадахгүйгээр торгуулж, хариуцлага тооцуулах тоон хэмжээ өндөр байсан. Харин цахимаар бүртгүүлдэг болсноор энэ тоон бүртгэл буурсан” аж.
"E-Mongolia" академийн төслийн менежер Б.Батзул “E-Mongolia академи цэргийн бүртгэлийг хоёр дахь удаагаа зохион байгуулахад бэлэн боллоо. Гар утасны аппликэйшн, вер портал сайт, төрийн үйлчилгээний портал сайтаар цэргийн бүртгэлийг хийлгэж болно. Улаанбаатарт үйлчилгээний зургаан нэгдсэн төв, орон нутагт 21 аймаг, 330 суманд байрлах төрийн үйлчилгээний оператор ажилтнаар дамжуулж хүсэлт гаргах боломжтой.
Бид хэд хэдэн сайжруулалтыг хийсэн. Нэгдүгээрт, хаягийн мэдээллийн сервисээр дамжуулан дүүрэг, аймгийн цэргийн штабын мэргэжилтнүүд шууд очих боломжтой болсон” гэнэ.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан