Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн 2022 оны зарим үзүүлэлтийг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Тухайлбал, зургаан компани хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарган 89.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ. Хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын гурван санг шинээр бүртгэн, тэдгээр нь 153 тэрбум төгрөг төвлөрүүлсэн аж. Тэгвэл биржийн бус зах зээлээс 57 компани 733.1 тэрбум төгрөг босгосон байна. Төрийн болон “Голомт” банк IPO хийж, олон нийт, хөрөнгө оруулагчдаас 144.2 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1.5 их наядаар өсжээ. Улмаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ одоогоор 6.7 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 11.8 хувиар ахин ДНБ-нд эзлэх хувь нь 15.6-д хүрчээ. Үүнээс гадна МХБ-ийн хувьцааны 34 хувийг арилжих бөгөөд ирэх жил хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-ий 25.7 хувьд хүргэх боломжтойг дээрх хорооноос дурдав.