БНХАУ ирэх сарын 8-наас хилээ нээнэ гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Үүний дагуу манай улс ч харилцан хилээ нээж, ачаа тээвэр хэвийн үргэлжлэх үү гэдэг нь олны анхаарлын төвд байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр уг асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “БНХАУ нэгдүгээр сарын 8-наас зорчигчийн, авто замын боомтуудыг шат дараатай нээхээр шийдвэрлэсэн. Эхний ээлжид, бэлтгэл бүрэн хангагдсан тохиолдолд Замын-Үүд-Эрээний боомыг нээхээр төлөвлөж байна. Бэлтгэл бүрэн хангагдаагүй тохиолдолд энэ хугацааг сунгана. Дараа нь Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавчийн гэх мэтийн дарааллаар боомтуудыг нээхээр бэлтгэл хангаж байгааг БНХАУ-ын талаас мэдээлсэн. Агаарын тээврийн боомтуудыг дээр дурдсан хугацаанаас өмнө нээхээр төлөвлөснөө тус улсаас илэрхийлээд байна” гэсэн юм. Урд хөршид цар тахлын томоохон давлагаа үүсээд буй. Ийм үед хил нээхдээ манай улс халдвар хамгааллын дэглэм хэрхэн баримтлах талаар холбогдох байгууллагынхан одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Сайд Х.Нямбаатарын хэлснээр Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бололтой.