Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж байгааолон улсын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх салбарын сайдын мэдээллийг сонслоо.
Тус салбарт гадаадын зээл тусламжаар хөнгөлөлттэй зээлийн 7 төсөл, буцалтгүй тусламжийн 10, техникийн хамтын ажиллагааны 17 төсөл хэрэгжиж байна. Тухайлбал, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, маркетингийн үр ашгийг дээшлүүлэх замаар өрхийн жижиг хүнсний ногоо эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой 46.25 сая ам.долларын санхүүжилттэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төсөл” нь 2020-2026 оны хооронд хэрэгжиж байна. Төслийн зорилго нь 7 аймгийн 11 сумдад, газар тариалангийн хүрээлэнгийн нийт 13 услалтын системийг (5031 га талбайг хамарсан) шинэчлэн, сэргээн засварлаж усалгаатай тариалан эрхлэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Орон нутгийн иргэд, ногоочдын бүлгийн оролцоотойгоор услалтын системүүдийн талбайн захаар нийтдээ 70 км-ээс багагүй урттай ойн зурвас байгуулж, тариалангийн талбайн хөрс салхинд элэгдэж эвдрэхээс хамгаалах, салхины сөрөг нөлөөллийг буруулах ажлыг хэрэгжүүлнэ. Газар тариалангийн хүрээлэнгүүдийн хүнсний ногооны үр үйлдвэрлэлийг дэмжихээр үр үржүүлгийн болон талбайн техник тоног төхөөрөмжөөр хангана. Төслийн сумдад ногоочдын бүлэг байгуулж, хүнсний ногооны үйлдвэрлэлийн улирлын хамаарлыг багасгах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, өндөр үр ашигтай хүнсний ногооны тариалалтыг дэмжих зорилгоор төсөл хэрэгжих сумдад өвлийн хүлэмж болон зоорь барьж байгуулна гэдгийг сайд мэдээлэлдээ дурдав.
Мөн Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хүнсний ногооны үр, хүнсний ногооны үйлдвэрлэлийг тус тус бэхжүүлэх, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, хоршоог дэмжихэд чиглэсэн, хүнсний ногооны үйлдвэрлэлийн ажлыг механикжуулах, дуслын усалгааны технологи нэвтрүүлэх, механикжсан зоорь, өвөл, зуны хүлэмжийн тоо хэмжээ, хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар импорт, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлээр хүнсний ногооны хэрэгцээг хангах зорилготой “Хоршоолсон хэлбэрээр ногоооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах төсөл” нь 2018-2023 онд нийт 3.5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж байгааг дурдаад төслийн хэрэгжилт 86 хувьтай байна гэж байлаа.
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төсөл нь агробизнесийн чиглэлийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулах замаар хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжин ажлын байр бий болгох, Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготойгоор Азийн хөгжлийн банкны 50.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2016 оны 3 дугаар сарын 1-нээс 2021 оны 6 дугаар сарын 30-ны хооронд хэрэгжиж дууссан. 2021 оны 10 дугаар сард “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” нэгж байгуулагдаж аж ахуйн нэгжүүдэд зээл олгох үйл ажиллагаа үргэлжилж байгааг Х.Болорчулуун сайд мэдээлэлдээ дурдаад төслийн хугацаанд ноос, ноолуур, арьс шир, оёдол, мах, сүү, чацаргана болон жимс жимсгэнэ, зөгий, хүлэмжийн аж ахуй болон даршилсан ногоо, эрчимжсэн аж ахуй, үрийн үйлдвэрлэл салбарын 45 аж ахуйн нэгжид нийтдээ 106.8 тэрбум төгрөгийн зээл олгосныг онцолсон.
Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр, мал сүргийн эрүүл мэнд, ашиг шим, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Дэлхийн банкны санхүүжилттэй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг 2020-2025 онд 30.0 сая ам.долларын санхүүжилттэй хэрэгжүүлж буй бөгөөд тус төсөл нь Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дундговь аймгийн 80 сумдад хэрэгжиж байгааг мэдээлэлд дурдсан байв.
Түүнчлэн Монгол Улсын уул уурхайн бус салбарын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхыг сайжруулах, экспортын зах зээлийг тэлэх, “КОВИД -19” цар тахлын үр нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Экспортыг дэмжих төсөл” нь Дэлхийн банкны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2016-2019 оныг дуустал Сангийн яаманд, 2020 оноос эхлэн ХХААХҮЯ-нд хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хэрэгжилт 72 хувьтай байгаа аж. НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр хөдөөгийн орлого багатай иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл” нь 2018-2023 онд 9,06 сая ам.долларын санхүүжилттэйгээр Архангай, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар аймгуудад хэрэгжиж байгаагийн зэрэгцээ Япон улсын Засгийн газрын иений хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжигдсэн, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, мөн байгаль орчныг хамгаалах үндсэн зорилго бүхий “Хоёр-үе шаттай зээлийн төсөл” нь анх 2006 оноос эхэлсэн бөгөөд төслийн 1 дүгээр үе шат нь 2006-2010 онуудад 2.9 тэрбум иений эх үүсвэртэйгээр, 2 дугаар үе шат нь 2011-2015 онуудад 5.0 тэрбум иений эх үүсвэртэйгээр тус тус амжилттай хэрэгжсэн гэдгийг мэдээлэлд дурдав.
Мөн тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ирэх таван жилд гол 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор батлуулсан Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр 2023 онд гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 190.2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайгаас тус салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдээс нийт 65.7 тэрбум төгрөгийн арга хэмжээг санхүүжүүлэн ажиллахаар төлөвлөж байна гэв.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Т.Аубакир нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг эл салбарт цаашид хэрэгжүүлэх олон улсын төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй болгохын тулд хэрэгжилтийг оновчтой чиглүүлэх зайлшгүй шаардлагатайг дурдаад хөдөө аж ахуй, газар тариалан, ногоон бодлогыг дэмжсэн зээл маш бага байгаа тул салбарын яамны зүгээс энэ асуудалд тодорхой хариулт өгөхийг үүрэг болгов. Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, олон улсаас авч буй зээл, тусламж бүр төсвийн нэг хэсэг болж эргэн төлөгддөг тул төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих, үр ашигт анхаарах, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийнхөө талаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч, зээл тусламжийг тэдний орлогыг дэмжихэд чиглүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай гэсэн саналууд хэлж байв.