Монгол улсын нийгэм, эдийн засгийн “Лугших судас” нь болсон зам тээврийн салбарын 2022 оны томоохон бүтээн байгуулалтын мэдээллийн уншигч танд хүргэе.
2022 онд Монгол Улсын хэмжээнд 483 км автозам, 500 метр гүүр шинээр ашиглалтад оржээ.Ингэснээр Монгол Улсын хатуу хучилттай замын нийт урт 7833 км болжээ.
Олон жил удааширч иргэдийг бухимдуулсан Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.1 км авто замын 1 урсгал 2 эгнээ замын хөдөлгөөнийг бүрэн нээжээ. Улмаар 2023 онд үлдсэн 1 урсгал 2 эгнээ замын барилгын ажлыг дуусгаснаар Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 2 урсгал 4 эгнээ 1-р зэрэглэлийн зам бүрэн ашиглалтад орно хэмээн ЗТХЯ-аас мэдээллээ.
Иргэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг хооронд дан засмал замаар зорчих боломжтой боллоо.
Энэ онд манай улс шинээр 13 агаарын хөлөг хүлээн авч нийт 51 агаарын хөлөгтэй боллоо. Агаарын хөлгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр Монгол Улсын агаарын тээвэрлэгч компаниуд 2022 онд шинээр 13 агаарын хөлөг хүлээн авсан гэнэ.
Үндэсний төмөр замын сүлжээний урт 2964.9 км болж 40 хувиар нэмэгдлээ. Тодруулбал, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн 876.4 км төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажил дуусаж, төмөр замаар хийх экспортын хоёр болон гурав дахь гарцтай боллоо. Ингэснээр Монгол улсын төмөр замаар экспортлох ачааны хэмжээ эрс нэмэгдэж, тээвэрлэлтийн өртөг 3-4 дахин буурах боломж бүрдээд байна.
Мөн Төмөр замын тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, төмөр замын тээвэр, хөдөлгөөн зохион байгуулалт, аюулгүй ажиллагааг нэг гарт төвлөрүүлэн, нэгдсэн удирдлагаар хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж буй талаар албаныхан мэдээллээ.