Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр Монгол тээвэр холбоо газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбоо, Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо ТББ-тай нийгмийн гурван талт түншлэлийн хүрээнд 2023-2025 онд хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.
Тус хэлэлцээрийг баталснаар Улсын Их хурлаас шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн харилцаа, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох талуудын ашиг сонирхлыг уялдуулах, нийгмийн зөвшилцөл бүрдүүлэхэд чиглэсэн ажил олгогч болон ажилтан, тэдгээрийн төлөөлөгчид, төрийн байгууллага хооронд нийгмийн түншлэл бий болгоно.
Шинээр байгуулсан гурван талт хэлэлцээрт ажилтны сарын цалингийн 70-аас дээш хувь нь үндсэн цалин байх, гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах, ажилтны ажлын нэгжид ногдох цалингийн үнэлгээг төрийн болон хувийн хэвшлийн салбарын ажилтнуудын дундаж цалин, хэрэглээний зүйлийн үнэ, тарифын өөрчлөлт, инфляцын өсөлттэй уялдуулан тухай бүр индексжүүлэх заалтуудыг тусган хамтран ажиллахаар болсноороо онцлог юм.
Дээрх хэлэлцээрийн үр дүнд автотээврийн салбарт ажиллаж байгаа 100 гаруй мянган ажилтан, албан хаагчдын хууль ёсны эрх ашиг хамгаалагдах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, норматив, тарифт цалин хөлсний асуудлаар талуудын ашиг сонирхлыг уялдуулах нөхцөл бүрдэх давуу талтай.