Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар ХХААХҮЯ-наас өчигдөр мэдээлэл өглөө. Тус яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлснээр одоогоор нийт нутгийн 70 орчим хувь нь нэлээд цастай байгаа аж. Өнгөрсөн аравдугаар сард баруун тав, Архангай, Өвөрхангай, Баянхонгор болон говийн гурав гээд нийт 11 аймагт эрсдэлийн үнэлгээ хийсэн юм. Тус үнэлгээгээр дээрх аймгуудын 82 сумыг нэн их эрсдэлтэй, 83-ыг нь дунд эрсдэлтэй гэж дүгнэсэн байна. Энэ сар гарснаас хойш эдгээрээс гадна Хэнтий, Төв аймагт өвөлжилт хүндэрч эхэлжээ. Хэд хэдэн удаа их цас орсны улмаас малын бэлчээр дутагдах нөхцөл байдалд шилжиж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийт нутгийн 70 орчим хувьд өвөлжилт хүндэрч эхэлсэн байна.
Улсын хэмжээнд энэ жил 21 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжиж буй. Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээнд тулгуурлан отор нүүдлийн зохион байгуулалтыг хийсэн учраас маргаан харьцангуй бага гарчээ. Өнгөрсөн сард Өвөрхангайн цөөхөн малчид Сэлэнгэ, Хэнтий, Төв аймаг руу дураараа нүүж орох гэж маргаан дэгдээсэн ч тухайн үед аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрынхан очиж малд нь үзлэг хийж, нутаг зааж өгөх зэргээр зохицуулсны үр дүнд өнөөдрийн байдлаар ямар нэгэн маргаангүй байгаа гэнэ. Гарал үүслийн гэрчилгээ авахгүйгээр малчид малын гоц халдварт өвчний голомт руу орох тохиолдол бий аж. Мөн сэжигтэй бүс рүү орох тохиолдол ч гардаг тул урьдчилан сэргийлэх зорилгоор малын гарал үүслийн гэрчилгээ шаарддаг байна. Түүнчлэн очсон үед нь мал эмнэлгийн тархвар зүйн асуумжаар шалгадгийг дээрх газрын шинжээч Г.Наранчулуун дурдав. Тодруулбал, тухайн аймаг, бүсэд сүүлийн гурван жил малын гоц халдварт өвчин гарсан, эсэх, малд нь ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрч байгаа, үгүйг тодруулж, клиникийн үзлэг хийсний дараа оруулдаг гэнэ. Үүнээс гадна бүртгэл мэдээллийн нэгдсэн санд оруулж буй учраас заавал гарал үүслийн гэрчилгээ авах нь малчид мал сүрэг, хөрөнгөө хамгаалах үндэс суурь болдгийг тэмдэглэв. Иймээс малчид ямар нэгэн байдлаар гарал үүслийн гэрчилгээгүйгээр аль нэг орон нутаг руу шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг зөвлөлөө.
Бэлтгэсэн Б.Сонор