Маргаашаас эхлэн нийт нутгаар цас орж, цаг агаарын байдал хүндрэх эрсдэлтэйг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ. Тухайлбал, маргааш баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орох төлөвтэй аж. Нөгөөдөр төвийн болон зүүн аймгуудад, энэ сарын 26-нд мөн зүүн аймгуудын нутагт их хэмжээний цас орох гэнэ. Дээрх аймгуудад цас их орохоос гадна цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй байна. Тухайлбал, 24-нд нутгийн баруун хагас, 25-нд зарим газраар, 26, 27-нд зүүн аймгуудын нутгаар салхины хүч 13-15 метрт хүрч ширүүсэх төлөв гарчээ. Тиймээс иргэд орон нутгийг зорих бол тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангахыг анхаарууллаа. Түүнчлэн орон нутгийн замд халтиргаа, гулгаа үүсэх, даваа гүвээ цасанд хаагдах хүндрэл учирч болзошгүй тул хөдөө явах иргэд цаг агаарын нарийвчилсан мэдээллийг тогтмол авах нь зүйтэй гэв. Ташрамд дурдахад, манай орны нийт нутгийн 54 хувь нь өдгөө цасан бүрхүүлтэй болсон бөгөөд Багануур дүүрэгт 33, Увс аймгийн Давст сумд 23 см зузаан цас тогтоод буй нь одоогоор дээд үзүүлэлтэд тооцогдож байна.