Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг өчигдрөөс ашиглалтад орууллаа. Уг барилга нь найман давхар бөгөөд 200 ортой, яаралтай тусламжийн, хавдрын хөнгөвчлөх эмчилгээний, мэс заслын болон хэвтэн эмчлэх зэрэг тасагтай юм байна. Барилгын ажлыг “Хөх бүрдний эх” компанийнхан гүйцэтгэсэн аж. Сонгинохайрхан нь нийслэлд хүн амын тоогоор Баянзүрхийн дараа буюу хоёрдугаарт бичигддэг дүүрэг бөгөөд тэр хэрээр эмнэлгийн ачаалал ч маш их гэнэ. Тиймээс иргэдэд эрүүл мэндийн тусламжийг тэгш, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор 2019 оны наймдугаар сард Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын ажлын эхлүүлжээ. Уг нь үүнийг тухайн ондоо ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч санхүүжилт саатсаны улмаас, мөн барилгын зураг төслийг дутуу гаргаснаас шалтгаалан ажил удааширсаар өдий хүрсэн аж. Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк хамтран ирэх оноос Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт жишиг эмнэлэг барих төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
Бэлтгэсэн М.Оч