Монголын хөрөнгийн бирж олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж байгаатай холбогдуулан өчигдөр тус бирж, андеррайтер компаниуд үнэт цаасны танилцуулга хийв. Тус биржийнхэн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 119 157 603 ширхэг хувьцаа санал болгон 11.91 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй билээ.
Өдгөө Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 6.5 их наяд төгрөг, ДНБ-д эзлэх хувь нь 15, бүртгэлтэй компанийн тоо 183, арилжааны хөрвөх чадвар 2.9 хувь байгаа аж. Харин 2027 он гэхэд зах зээлийн үнэлгээг ДНБ-ий 25, арилжааны хөрвөх чадварыг 10 хувьд хүргэх боломжтой хэмээн тооцож буй юм байна. Ирэх жилээс эл биржид Засгийн газрын үнэт цаас арилжих бөгөөд үүнээс жилд 1.73 тэрбум төгрөгийн орлого олох гэнэ. Ийм үнэт цаасыг 2018 оноос хойш арилжаагүй аж. Засгийн газрын энэ сарын 14- ний өдрийн ээлжит хуралдаанаар Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам баталсан. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортын нүүрсний 30 хувийг 2023 оны долдугаар сарын 1 хүртэл МХБ-ээр дамжуулан ил тод, нээлттэй арилжихаар болсон. Уг бүтээгдэхүүний спот арилжаа хийснээр жилд 1.51, дотоодын арилжаанаас 6.82 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой хэмээн тооцоолжээ. Түүнчлэн ирэх оны зургадугаар сард багтаж гурван банк IPO хийх, цаашид төрийн өмчит компаниудыг олон нийтийнх болгохтой холбоотойгоор хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нэмэгдэж, арилжаа идэвхжихээр байгаа юм.
Нэмж гаргах хувьцааны 90 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгоно. Стратегийн нэг хөрөнгө оруулагчид хувьцааны тав хүртэлх хувийг санал болгох бөгөөд хамгийн багадаа 100 сая төгрөгийн захиалга өгөх нь. Ийм хөрөнгө оруулагч хоёрдогч зах зээл нээгдсэнээс хойш зургаагаас доошгүй сарын хугацаанд хувьцаагаа арилжаанд оруулахгүй байхаар заажээ. Мөн улс төрд нөлөө бүхий этгээд хувьцаа худалдан авч болохгүй байхаар хязгаарласан гэнэ. Стратегийн хөрөнгө оруулагчдыг оролцуулахаар төлөвлөсөн нь илүү урт хугацаанд хамтран ажиллахыг сонирхож буйтай холбоотой юм байна. Тухайлбал, технологийн чиглэлийн компаниуд байж болох гэнэ. Тэгвэл хувьцааны үлдэх хэсэг буюу 10 ба түүнээс дээш хувийг тэнцүүлэн хуваарилах нөхцөлөөр санал болгож буй. Гэхдээ энэхүү 10, 90 хувь гэсэн харьцааг ямар хөрөнгө оруулагчид оролцох болон ирүүлэх захиалгыг харгалзан өөрчлөхийг үгүйсгэсэнгүй. МХБ ийнхүү олон нийтэд 34 хувиа санал болгосноор үлдэх 66 хувь нь Сангийн яамны мэдэлд хэвээр байх юм. Танилцуулгын үеэр тус биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай “Монголын хөрөнгийн биржийн олон нийтэд санал болгох хувийг цаашид 51 болон түүнээс дээш хэмжээнд хүргэх боломж бүрдэнэ гэж харж байгаа” хэмээн дурдав.
Хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг ирэх даваагаас баасан гарагт үнэт цаасны бүх компаниар дамжуулан хүлээн авах аж. Олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг арилжааны системийг сайжруулах, мэдээллийн технологийн аюулгүй байдал, дотоод үйл ажиллагааны цахимжуулалт зэрэгт зарцуулахаар төлөвлөжээ. Тус биржид нээлттэй өдөрлөг зохион байгуулж буй агаад үнэт цаасны компаниуд данс нээх үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ.