Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хэнтий, Өмнөговийн Нэгдсэн эмнэлгийн нийт зургаан их эмчийг судсан дотуурх оношилгоо, эмчилгээний чиглэлээр мэргэшүүлэн сургажээ. Дээрх аймгуудад ангиографийн иж бүрэн аппарат суурилуулсан бөгөөд тэдгээрийг ашиглаж, иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх эмч нарыг ийнхүү мэргэшүүлсэн аж. Тэд Улсын гуравдугаар төв эмнэлгийн төгсөлтийн дараах эмнэл зүйн сургалтын нэг жилийн хугацаатай хөтөлбөрийг дүүргэж, тархи, зүрх, судасны ангиографийн оношилгоо, эмчилгээ хийх мэдлэг, чадвар эзэмшжээ. Энэ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, иргэд заавал нийслэлийг зорихгүйгээр ойролцоох аймагтаа очиж эмчлүүлэх боломж бүрдүүлэх зорилготойг Эрүүл мэндийн яамнаас онцоллоо. Ташрамд дурдахад, орон нутгийн эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд дээрх яамнаас энэ онд урт, богино хугацааны сургалт 18 удаа зохион байгуулжээ. Үүний хүрээнд аймаг, сумуудын 15 эмнэлгийн 400 эмч, мэргэжилтнийг дадлагажуулан мэргэшүүлсэн юм байна.
Бэлтгэсэн М.Оч