Үндэсний программ хангамжийн их дэлгүүр “Mindgolia” системийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас өчигдөр нээлээ. Монгол инженерүүд уг системийг бүтээж, хөгжүүлж буй аж. Энэ нь программ хангамжийн худалдан авах ажиллагааг шинэ түвшинд гаргах, үргүй зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой гэнэ. Тодруулбал, уг системийг нэвтрүүлснээр төрийн байгууллагынхан төсвийн хөрөнгөөр мэдээллийн технологи, программ хангамж худалдан авахдаа нэн тэргүүнд дотоодын компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгох боломж бүрдүүлжээ. Одоогоор 100 гаруй компанийн 180 орчим бүтээгдэхүүн, үйлчилгээг “Mindgolia”-д байршуулжээ. Энэхүү их дэлгүүр нь эрүүл мэнд, мэдээллийн технологи, боловсрол, түгээлт, нийлүүлэлт, бизнесийн цогц шинжилгээ зэрэг ангилалтай. Жишээ нь, боловсролын хэсэгт нь “OPEN edX”, “Moodle” зэрэг онлайн сургалтын аппликэйшн байршуулжээ. Мөн бага насны хүүхдүүдэд зориулсан, тоглоомоор дамжуулан эх хэлний мэдлэгээ сайжруулах “Тоби” аппликэйшнийг багтаасан байна. “Mindgolia”-г хөгжүүлж туршсан сүүлийн 30 хоногт таван төрлийн системийг 21 аймгийн ерөнхий боловсролын 248 сургууль хэрэглээнийхээ дагуу төлбөрийг нь төлөх нөхцөлтэйгөөр худалдан авчээ.