Сургууль бүрийг мэргэшсэн сэтгэлзүйчтэй болгох ажлыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас эхлүүлээд буй. Сэтгэлзүйчдийг мэргэшүүлэн бэлтгэх дөрөв дэх ээлжийн сургалт өнгөрсөн баасан гарагт дуусав. Уг сургалтад 103 сэтгэлзүйч хамрагдсанаас 88 нь сургалтаа амжилттай дүүргэн, батламжаа гардан авлаа. Тэд Улаанбаатар хот, Өвөрхангай, Дархан-Уул, Баянхонгор, Орхон, Өмнөговь, Увс, Дорнод, Говь-Алтай, Хэнтий, Баян-Өлгий, Хөвсгөл, Сүхбаатар, Төв, Сэлэнгэ аймгийн сургуулиудад ажиллах юм байна. Дөрөв дэх ээлжийн сургалтыг явуулж дууссанаар ерөнхий боловсролын гурван сургууль тутмын нэг нь буюу 300 орчим нь сэтгэлзүйчтэй болж байгаа аж. Ташрамд дурдахад, сургуулиудад ажиллах сэтгэлзүйчдийг бэлтгэх анхны сургалтыг өнгөрсөн оны долдугаар сард зохион байгуулсан билээ.