Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хан-Уул, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, 19 аймгийн Нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн баасан гарагт гемодиализын аппарат хүлээлгэн өглөө. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, ялангуяа иргэд орон нутагтаа гемодиализын үйлчилгээ авах боломж бүрдүүлэхийн тулд дээрх аппаратуудыг авсан аж. Үүнд улсын төсвөөс 1.2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулжээ. Бөөрний архаг дутагдал өвчин хүндэрч, эмийн эмчилгээ үр дүнгүй болсон тохиолдолд бөөр орлуулах буюу гемодиализын эмчилгээ зайлшгүй хийлгэдэг. Өвчтөн долоо хоногт гурван удаа уг эмчилгээг хийлгэх шаардлагатай болдог гэнэ. Гэтэл зарим аймагт ийм аппарат байхгүйгээс иргэд заавал нийслэлд ирэх шаардлагатай болдог байжээ. Түүнчлэн нийслэлийн эмнэлгүүдэд гемодиализын эмчилгээ хийлгэхэд хүндрэлтэй, дараалал их зэрэг олон асуудал тулгардаг аж. Тиймээс зарим эмнэлгийн аппаратынтоог нэмж, заримд нь шинээр суурилуулахаар болсныг ЭМЯ-наас мэдээлсэн. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг анх удаа ийм аппараттай болжээ.