Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэг цонхны бодлогоор хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Хөдөө аж ахуйн бирж” ХХК болон Монголын махны холбоо хамтран “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа. Санамж бичигт “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Нарандэлгэр, Монголын махны холбооны Гүйцэтгэх захирал Н.Батсуурь нар гарын үсэг зурж, баталгаажуулснаар
- Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтын дагуу бэлтгэгдсэн мал, махыг малчид, хоршоодоос мал төхөөрөх үйлдвэрт биржээр дамжуулан арилжих, цахим дуудлага худалдаа зохион байгуулах;
- Мал, мах худалдах жишиг үнийн мэдээллийг гаргаж байх;
- Махны экспортын нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэг цонхны бодлогоор хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь махны жишиг үнэ тооцоолох аргачлалыг гулууз мах, цул мах, экспортын хөлдөөсөн мах болон экспортын дулааны аргаар боловсруулсан мах гэсэн нэр төрөл тус бүрээр “Өртөг, зардлаас тооцох арга”-аар тооцоолон гаргаад байна.
Бирж нь махны үнийн мэдээллийг тогтсон хугацааны давтамжтайгаар зах зээлд мэдээлэх бөгөөд түүнийг үндэслэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогч аж ахуйн нэгж үнийн тооцооллоо гаргаж худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг гүйцэтгэнэ. Ингэснээр Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний үнэ цэнийг гадаад зах зээлд нэмэгдүүлэх, үнийн доод хязгаарыг тогтоох улсын бодлогыг хэрэгжүүлэх хөшүүрэг болох юм.