Хорт хавдрыг эрт үед нь буюу нэг, хоёрдугаар шатанд нь илрүүлж чадвал мэс засал хийж, цаашид бусад эрхтэн, системд тархахаас нь сэргийлэн, голомтыг таслах замаар анагаадаг. Тиймээс ч төрөөс иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт ид хамруулж буй үе юм. Энэ айхавтар өвчнөөс дутахааргүйгээр монголчууд олноороо нэрвэгдэж буй эмгэг байгаа нь архинд донтох билээ. Архи, согтууруулах ундаанд дурлагсад, байнга хэрэглэгчид жил ирэх тусам нэмэгдсээр байсныг, тэдгээр нь яваандаа архинд донтогсод болж, өөрийгөө болон гэр бүл, үр хүүхдүүдээ асар ихээр хохироох болсныг харсаар, мэдсээр байж төр, засгаас дорвитой арга хэмжээ авалгүй олон жилийг үдсэн.
Эцэст нь “Юу билээ” гэсэн шиг төрийн түвшинд анхаарч эхэлснээр УИХ өн гөрсөн долдугаар сард Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль баталсан. Үүнийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх юм. Хэзээ ч хийхгүй байснаас оройтож ч болов эхлүүлсэн нь дээргэсэн утгатай үг бий. Уг хуулийг түүн лүгээ адил хэмээн харж буй юм. Хэрэгжүүлэхэд үр дүн бага ч болов гарвал архинд донтогсдоос болж гэр бүл, ахан дүүс, ажил хэргийн орчинд ч ихээхэн хохирдог байдалд эерэг өөрчлөлт анзаарагдах буй за.
Манай улсад сэтгэцийн зонхилон тохиолдох эмгэгүүдийн тархалт ямар байгааг 2013 онд дэлгэрэнгүй судалсан юм билээ. Үүгээр 18-64 насны хүмүүсийн дунд сэтгэл түгших эмгэг 18.4, органик бус нойрны эмгэг 17.5, архаг ядаргаа 16.2, тайлбарлаж болмооргүй биеийн зовуурь шаналгаа 11.9, архинд донтох эмгэг 6.4, сэтгэл гутрах эмгэг 6.2 хувийн тархалттай байсан аж. Эдгээр үзүүлэлтийг 1984-1992 оны тархалтын судалгааны үр дүнтэй харьцуулахад сэтгэл түгших эмгэг найм, сэтгэл гутрах нь долоо, архинд донтох эмгэг 25 дахин ихэссэн байна.
20 гаруйхан жилд 25 дахин ихэссэн архинд донтох эмгэгийг Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хэрэгжүүлснээр багасгаж чадах уу. Ер нь хэр дэвшилттэй хууль болсон бэ.
Хамгийн хачирхалтай нь 14 хоногийн дараагаас мөрдөж эхлэх гэж буй шинэ хуульд тусгасан байх ёстой гэж ихэд олзуурхан хайсан заалтыг олсонгүй. Ардуудын ярьдгаар цагаан архи гээчийн хатуулгийг хоёр хувиар бууруулж, 36 болгох тухай УИХ-ын түвшинд нэлээд ярилцсан даа. Яг хууль батлахдаа тулахаар өнөөх чухалчлан ярьснаа орхичихсон бололтой. Уг нь ярьж байснаараа хатуулгийг хоёр хувь бууруулан үйлдвэрлэнэ гэж заасан бол хууль тогтоогчдын гавьяа тэр байх байсан бус уу.
Олон нийтийн хүлээж байсан “хатуулгийг хоёр хувь бууруулна” гэсэн өөрчлөлтийг орхисон уг шинэ хуульд согтууруулах ундаатай холбоотой харилцааг хэрхэн зохицуулахаар байна вэ. Хуулийн зорилт нь согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, хэрэглэх, түүгээр үйлчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, үүнтэй тэмцэхэд орших аж. Согтууруулах ундаа гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, хоёр хувиас дээш хатуулагтай, нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг хэлэх аж. Согтууруулах ундааны эргэлт гэж энэ төрлийн ундаа үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, хэрэглэх болон түүгээр үйлчлэхийг хэлнэ. Хатуулаг гэж согтууруулах ундаанд агуулагдах этилийн спиртийн хэмжээг эзлэх үүний хувиар илэрхийлсэн үзүүлэлтийг хэлдэг байна. Хуулийн хамрах хүрээ нь эдгээр асуудлын эргэн тойронд тул зориуд онцолж дурдлаа.
Өмнө нь согтууруулах ундаатай холбоотой харилцааг УИХ-аар 2000 онд баталсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар зохицуулж ирсэн. Өдгөө ирэх оноос шинэ хууль хэрэгжүүлж эхлэхэд энэ нь хүчингүй болох учиртай. Гэхдээ өнөө хүчин төгөлдөр буй уг хуулийн үзэл санаанд тулгуурлан удахгүй мөрдөж эхлэх шинэ эрх зүйн баримт бичгийг боловсруулсан. Тиймээс өмнөх хуульд байсан, харилцааг зохицуулахад шаардагдах суурь ойлголтууд, нэр томьёо, улмаар зохицуулалт ч гэсэн хэвээрээ гэмээр.
Зарим зүйл, заалтын тухайд авч үзье. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг олгодгоороо олгоно. Зөвшөөрлийн тоог хүн амын нягтрал, байршил, үйлдвэрийн хүчин чадлыг харгалзан Засгийн газар тогтооно. Ингэхдээ уламжлалт технологийнхоос бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох нь. Дуудлага худалдаа зохион байгуулах журмыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батлах аж. Энэ мэдээллийн мөрөөр ХХААХҮЯ-ны холбогдох албан тушаалтнаас тодруулахад ийм журмын тухай мэдээлэл өгөх нь бүү хэл, уг хуулийн талаарч сонсоогүй мэт байв. Хуульд, олгосон зөвшөөрлийг хүчингүй болгох, сэргээх, сунгах, түдгэлзүүлэх тухайбий. Эдгээр ажлыг татварын байгууллагын санал, холбогдох улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн мөн хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хийх аж.
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хуулийн 15.7-д заасан тусгай зөвшөөрлийн тоонд нийцүүлэн аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд чөлөөт бүсийн захирагч олгож, сунгаж, түдгэл зүүлж, сэргээж, хүчингүй болгох аж. Журмыг бол Засгийн газар батална. Зөвшөөрөл авсан хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээд нь 11.00-22.00, 14.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх гэсэн хоёр төрөлтэй байх юм байна. Мөн энэхүү этгээд олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах, түүнийг дамжуулан нэвтрүүлэх газарт 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчилж болох аж.
Уг хуулийн тавдугаар бүлэг нь “Согтууруулах ундааны хэрэглээ” гэсэн нэртэй. Үүнд тээврийн хэрэгсэл жолоодож байгаа бол, 21 нас хүрээгүй бол, жирэмсэн бол согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох тухай заажээ. Мөн бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Хэрвээ бусдыг шаардаж согтоосны улмаас тухайн, өөрөөр хэлбэл “шахуулсан” хүн хэн нэгэнд гэм хор учруулбал “шахсан” этгээдэд хариуцлага ногдуулж болох аж. “Болно” л гэж буй. Тэгэхээр энэ заалтыг хуульч үзэмжээрээ хэрэглэх магадалтай гэж харж байна.
Хуулийн зургадугаар бүлэг “Архидан согтуурахтай тэмцэх” гэсэн нэртэй. Энд согтууруулах ундааны хэрэглээг нэмэгдүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг хориглох тухай заасан. 38, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд хямдрал, урамшуулал зарлах, хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр худалдах, үйлчлэх болон урамшуулал, хөнгөлөлт илэрхийлсэн утгатай зар сурталчилгаа ашиглахыг хориглоно гэжээ. Бас согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч согтууруулах ундаагаар дээж, загвар хэлбэрээр үнэ төлбөргүй үйлчлэх, бусдыг дайлах, амталгаа зохион байгуулахыг хоригложээ.
Мөн нэг тогтоосон үнээр хязгааргүй хэмжээгээр согтууруулах ундаагаар үйлчлэхгүй. Энэ төрлийн ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлс орлуулан олгохгүй. Согтууруулах ундаа оролцуулсан тоглоом, наадам, хонжворт сугалаа зохион байгуулахгүй. Төрийн ёслол, хүндэтгэлийн гадаад арга хэмжээ зохион байгуулахаас бусад тохиолдолд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн эт гээд, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглож буй аж. Харин согтууруулах ундааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах харилцааг Зар сурталчилгааны тухай хуулиар зохицуулна гэсэн байна.
Шинэ хуульд архинд донтох өвчтэйнь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн этгээдийг албадан эмчлэхтэй холбогдсон харилцааг тухайлсан хуулиар зохицуулна гэжээ. Ингэхдээ Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 33.1 т заасан сангийн хөрөнгөөс Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд заасан тусламж, үйлчилгээний зориулалтаар зарцуулж болно гэжээ. Шинэ хуулийн хүрээнд иймэрхүү мэдээлэл өгөхөөр байна. Гэр бүлийн хүчирхийллийн нэгэн эх үүсвэр болсон, хөдөлмөрийн харилцаанд ч сөрөг нөлөө ихтэй, нийгмийн хүнд өвчнийг энэ хуулиар анагааж салгаж чадах уу. Цаг хугацаа харуулах биз хэмээн, эерэг үрдүн гарахыг хүлээж суух уу. Эс бөгөөс дорвитой өөрчлөлт нэхэх үү.