Үе тэнгийн дээрэлхэл, ялгаварлан гадуурхал, эрсдэлт зан үйлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захиалгаар “Бүтээлч тархи” сэтгэл судлалын хүрээлэн НҮТББ-тай хамтран сурагчдад сэтгэл зүйн цогц үйлчилгээг нэг сарын хугацаанд үзүүлжээ.
Тус төслийн хүрээнд үе тэнгийн дээрэлхлээс урьдчилан сэргийлэх, тэдний сэтгэл зүйн тулгамдсан асуудалд тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө, сэтгэл зүйн сургалт зэрэг үйлчилгээг нийт 578 сурагчид үзүүлжээ. Мөн багш, ажилтны сэтгэл зүйн боловсролыг нэмэгдүүлэх хүрээнд зохион байгуулсан сэтгэл зүйн үйлчилгээнд 61 багш хамруулсан аж.
Үүнээс гадна эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн сэтгэл зүй, үе тэнгийн дээрлэхлээс урьдчилан сэргийлэх, хүмүүжлийн эерэг аргыг таниулах сургалтыг 173 хүнд зохион байгуулсан байна. Сургуулийн захиалгат төслийн үйл ажиллгааны үр дүн, тайланг хэлэлцэж цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцүүлэг хийжээ.