Эрүүл мэндийн сайд зарим нэр, төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг сургуулийн орчинд худалдахыг хориглож, тушаал гаргасан байдаг ч төдийлөн хэрэгжүүлдэггүй хэвээр. Хаашаа л харна, хүүхдүүд хямд чихэр, жигнэмэг идэж явах. Сургуулийн орчны дэлгүүр лүү шагайхад тэнд өнөөх хориглосон гэх шарсан төмс, бэлэн гоймон, хийжүүлсэн ундаа байна. Улмаар сүүлийн үед хүүхдүүд хоол боловсруулах замын өвчлөлд өртөх нь түгээмэл болжээ. Үүний мөрөөр зарим сургууль, өрхийн эмнэлгийн хэнтэй холбогдож, нөхцөл байдлыг тодруулсан юм.
Налайх дүүргийн I, VII хорооны оршин суугчдад үйлчилдэг “Нарны эрч” өрхийн эмнэлгийн эмч С.Алтанбек “Энд өвдөөд байна” гэж ходоодоо заасан, бага, дунд насны хүүхдүүд мэр сэр ирдэг. Томуу, томуу төст өвчний үед бас ийм зовуурь илэрдэг болохоор тухайн хүүхдүүд хоол боловсруулах замын өвчтэй болсон, эсэхийг урьдчилан мэдэх аргагүй. Гэсэн ч бид үйлчлүүлэгчдэдээ, ялангуяа эцэг, эхчүүдэд хүүхдэдээ элдэв өнгөтэй резинэн чихэр, шарж хатаасан төмс, бэлэн гоймон зэргийг идүүлэхгүй байхыг байнга зөвлөдөг. Харилцагчдынхаа сошиал хуудсаар энэ тухай үргэлж бичдэг. Эдгээр бүтээгдэхүүн нь амархан шингэдэггүй, ходоодонд удаан хугацаагаар байдаг үлдэц ихтэй тул эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Сүүлийн үед хүүхдүүд нүдэн хэмээх резинэн чихэр их идэж байна. Болохгүй. Хямд үнэтэй, өнгө, үзэмжээр татдаг энэ мэтийн чихэр болон сургуулийн орчинд худалдахыг хориглосон бусад хүнс идээд байвал, энэ зуршлаа халахгүй бол өнөөдөр мэдэгдэхгүй ч тав, 10, 20 жилийн дараа ходоодны үрэвсэл, шархлаатай болно. Ийм байдалд хүрэхгүйн тулд өнөөдрөөс эрүүл мэндэд тустай хүнс хэрэглэх ёстой” гэв.
Сонгинохайран дүүргийн XIII хорооны “Өнө ачит” өрхийн эмнэлгийн эмч “Манай үйлчлүүлэгчид бүгд орон сууцын хороололд оршин суудаг. Ахмад настан олонх нь. Тэд хоол, хүнсээ тохируулж иддэг байх, ходоод болон хоол боловсруулах замын бусад эрхтний зовуурьтай гэж ярьдаггүй. Гэр хорооллын, талоноор хүнсээ авдаг, өөрөөр хэлбэл, амьжиргааны түвшин доогуур хүмүүсийн дунд энэ төрлийн өвчлөл их байх шиг. Хүүхдүүд нь ээж, аавтайгаа адилхан хүнс хэрэглэдэг болохоор мөн л эрүүл мэнд нь төдийлөн сайн байдаггүй байх талтай” хэмээн өгүүлэв.
Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн эмч Х.Буяндалайгаас сурагчдын дунд хоол боловсруулах замын өвчтэй хүүхэд бий, эсэхийг тодруулсан юм. Тэрбээр “Манай сургууль 4000-аас илүү сурагчтай болохоор хоёр эмчтэй. Би 16 дахь жилдээ сургуулийн эмчээр ажиллаж байна. Аль ч цаг үед анзаарч, тэмдэглэснээ үндэслэн хэлэхэд үдээс өмнөх ээлжийн сурагчид эмчид илүү хандамтгай. Нийт орж ирсэн хүүхдийг 100 хувь гэж үзэх юм бол 70-80 хувийнх нь ходоод, гэдэс хямарсан байдаг. Шалтгаан нь өглөөний унд уудаггүйтэй холбоотой. Өлөн ирээд олдсоноо идэхэд гэдэс, ходоод нь буснидаг. Үүнийг ходоодны өвчлөл гэж хэлэхгүй ч ийм зуршлыг аль болох хурдан халахгүй бол ирээдүйд ходоод, хоол боловсруулах замын өвчтэй болно гэсэн үг. Сургуулиудын цайны газар нэг үеэ бодвол хуурсан, хайрсан хоол хийхээ байсан. Пирожкийг тосонд шарахгүй, харин жигнэж боловсруулдаг болсон нь сайн. Гэтэл хүүхдүүд сургуулийн ойролцоох хүнсний дэлгүүрүүдээс мөнгөндөө таарсан юм аваад идчихдэг. Тэдгээр ньхугацаа дууссан байдаг ч юм уу, үгүйдээ л их удсан бүтээгдэхүүн байвал гэдэс хямруулна шүү дээ. Харин үдээс хойших ээлжийн сурагчдын дунд хоолгүй явснаас үүдэлтэй хямрал бараг байдаггүй. Бид эрүүл мэндийн хичээл заадаг долоон багшдаа тодорхой сэдвүүдээр үе үе сургалт явуулдаг. Ийм замаар сурагчдадаа эрүүл мэндийн боловсрол олгохгүй бол хүүхэд бүртэй тулж ажиллах боломжгүй” хэмээн ярьсан юм.
Эдгээр жишээ манай улсын нийслэл, орон нутгийн хаана ньч адил жишиг гэлтэй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сургуулийн орчин дахь дэлгүүр, ТҮЦ-т худалдахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн борлуулж буй, эсэхийг удаа дараа шалгаж байсан. Тухайн үедээ шаардлага тавьж, зарим худалдаа эрхлэгчид торгууль ногдуулж байлаа. Тэглээ гээд худалдаачид хориотой хүнс зарахаа болиогүй, бахь байдгаараа. Тэгэхээр цаашид хүүхдүүд элдэв будагтай, өнгөтэй, хэлбэртэй, хатуу, зөөлөн, резинэн чихэр, цайны болон өрмөнцөр бүхий жигнэмэг, шарсан төмс зэргийг идсээр байх уу. Хууль, журам, тушаал хэрэгжихгүй, хяналтын байгууллага дийлэхгүй тохиолдолд хүүхдүүдийн эрүүл мэндэд хэн анхаарах вэ. Мэдээж эцэг, эхчүүд, мөн багш нар. Сургуулийн эмч нарын санаачилга, зүтгэл нэлээд үүрэгтэй байх нь.
Яагаад хямд төсөр аргаар бий болгосон хүнсийг сургуулийн орчинд худалдахгүй байя, өглөө бүр цай ундыг ньуулгаж хичээлд ньявуулъя, зөв хооллох зуршил хэвшүүлье гэх зэргээр “үглээд” байна вэ гэж үү. Хоол гэхээс илүү хор болох хүнс хоолойгоороо давуулсаар байх аваас нас 20, 30 хүрэв үү, үгүй юү ходоодны үрэвсэл, шархтай болоод зогсохгүй чихрийн шижингээр өвчилж, магадгүй хоол боловсруулах замын хорт хавдарт нэрвэгдэнэ. Эсрэгээрээ өнөөдөр ходоод, бие, эрхтнээ хайрлаж, сэтгэл түвшин амьдрах зөв хэв маягийг дадал болговол тэр хэрээр амьдрах хугацаагаа эрүүл саруул, аз жаргалтай туулна. Алийг ньсонгох тухайд эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцаж шийддэг, харилцан ойлголцдог болмоор байна.
Манай улсад 2019 оны байдлаар жил бүр ходоодны хорт хавдрын 900 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол хоёр жил дараалан энэ тоо 1000-1200 болж нэмэгджээ. Дэлхий дахинд тооцоолдог 100 мянган хүнд ногдох аргачлалаар бол манайх энэ төрлийн өвчлөл хамгийн өндөртэй орноор нэрлэгддэг байна. Шинээр оношлогдож байгаа хүмүүсийн 600-700 нь өвчлөлийн хожуу үе буюу 3-4 дүгээр шатанд орсон хойно нь эмнэлэгт ханддагаас нэг жилийн хугацаанд нас бардаг үзүүлэлтээр ч дэлхийд дээгүүрт ордог аж. Энэ сэтгэл сэрд хийлгэм тоонд хүүхдүүд ч багтсаар. Бусад оронд 50, 60-аас дээш насныхан өвдөх нь элбэг бол манайд янз бүр бөгөөд бага, өсвөр насны хүүхдүүд ч нэрвэгдэх болжээ. 2016-2019 оны дунджийг авч үзэхэд хорт хавдартай гэж оношлуулсан нийт хүүхдийн гуравны нэг орчим нь ходоодны хорт хавдартай байжээ. Тодруулбал, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 314 хүүхэд хавдрын шинж тэмдэгтэй гэж оношлогдсоны 30.7 хувь буюу 100-гаад нь ходоодны хорт хавдрын шинж тэмдэгтэй байсан аж. Тус төвийн Тандан судалгааны албанаас гаргасан статистикаар манай улсад ходоодны хорт хавдраар өвчлөх хүүхдийн тоо цаашид өсөх хандлагатай байгаа гэнэ. Уг өвчний шалтгаан ньдээр дурдсанчлан амьдралын буруу хэвшил, эрүүл бус хооллолт. Тиймээс хүүхдэдээ пицца, шарсан тахиа гэх мэт түргэн хоол, хиам, бэлэн гоймон, чипс, хийжүүлсэн ундаа зэргийг аль болох өгөхгүй байхад эцэг, эхчүүд анхааръя.
Хугацаа нь дууссан, найрлага муутай гэлтгүй, зохистой, эрүүл хоолыг ч тав тухтай идэх, эсэхээс хоолны шингэц, өгөөж хамаардгийг хоол тэжээл судлаачид тогтоосон байдаг аж. Хүүхэд зурагт үзэнгээ, компьютер тоглонгоо, утас оролдонгоо идвэл хоол боловсруулах замын үйл ажиллагаа хямардаг байна. Гэдэс нь хааяа базалж, дотор нь эвгүйрхэнэ. Үүнээс болж хүүхэд цочирч, улмаар ходоод нь үрэвсдэг ажээ. Стресс ходоод өвчлөх үндэслэлүүдийн нэг гэж энэ ажгуу.
Мөн хүүхдийн ходоод шархлах, эсэх нь удамшлаас хамаардаг гэнэ. Гэр бүлийн хүмүүс нь ходоодны архаг үрэвсэл, өвчлөлтэй бол хүүхдийнхээ ходоод, гэдсэнд онцгой анхаарах хэрэгтэйг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Ходоодны шархтай хүмүүсийн 50 хувьнь хүүхэд наснаасаа өвдсөн гэдгээ хэлдэг аж. Олон жил үрэвсэлтэй явснаас ходоодны амсрын, улаан хоолойтой залгагддаг хэсэг дэх, хаалттай байх ёстой хумигч булчин нээгдэж, байнга ийм байдалтай болсноос үүдэн ходоодон дахь хүчиллэг агууламж улаан хоолой руу буцаж ордгоос улаан хоолойн доод хэсгийн салстыг гэмтээдэг байна. Сөөргөө гэх энэ өвчнөөс эхлээд улмаар хорт хавдар хүртэл олон янзын зовуурьт шаналахгүйн тулд хүүхэд байхаасаа ходоод, хоол боловсруулах замын эрхтнүүдээ хайрлах хэрэгтэй байх нь. Зохистой хүнс, цагийн хуваарьтай зөв хооллох зуршлыг амьдралынхаа хэвшил болгохоос зөв замд гарна. Хүний бие махбод нь ухаалаг систем бөгөөд үйл ажиллагаагаа өөрөө зохицуулж чаддаг тул өлсвөл идээд, үгүй бол чихэхгүй, мөн организмд хор бус, тус болох шим тэжээл бүхий хоол, хүнс хэрэглээд л эрүүл байх боломжтой аж.