Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчийн анкетыг шинэчлэн баталжээ. Гэсэн ч олон нийтийн шүүмжлэлтэй тулгардаг асуултуудаа хассангүй, хэвээр үлдээсэн байна. Тухайлбал, анкетын эхний хэсэгт иргэний овог, нэрээс эхлээд оршин суугаа газар, гэр бүлийн байдал, садан төрлийн холбоо, хүйс зэргээр хувийн хэт олон мэдээллийг бичүүлэхээр заасан нь хэвээрээ аж. Тэр дундаа “Үндэс, угсаа” гэсэн хэсгийг дурдаж болно.
Үндсэн хуульд иргэдийг үндэс, угсаагаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан байдаг. Гэтэл дээрх анкетад ийм асуулт оруулах нь, цаашлаад ажилд орох гэж буй иргэдийн үндэс, угсаа тухайн ажил олгогчид ямар хэрэгтэй нь ойлгомжгүй. Харин ч ажилтныг үндэс, угсаагаар ялгаварлан гадуурхах хандлага гарч болзошгүй. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 6.1-т ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал зэргээр нь шууд болон шууд бусаар ялгаварлан гадуурхахыг хориглохоор тусгасан.
Түүнчлэн ажил горилогчийн гэр бүлийн бүх гишүүний, хамаатан саднуудынх нь хүртэл төрсөн он, сар, өдөр, эрхэлдэг ажлыг анкетад бичихийг албадсан хэвээрээ аж. Гол асуудал нь эдгээр нь ажилд ороход ямар хэрэгтэй нь тодорхойгүй, төдийлөн ач холбогдолгүй гэдгийг манай сонин өмнө нь хөндөж, хуульч, судлаачдын байр суурийг хүргэж байсан. Тодруулбал, гэр бүл, садан төрлийн холбоог анкетад тусгах нь тухайн ажил горилогчийг ялгаварлан гадуурхах үндэслэл болж болзошгүйг судлаачид онцолж байсан юм. Иргэд ч үүнд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, “Намайг ажил авах гэсэн юм уу. Эсвэл гэр бүлийнхнийг минь бүгдийг нь ажиллуулах юм уу” хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.
Харин энэ удаагийн шинэчлэлээр нэмсэн зүйл нь ажил горилогчийн монгол бичгийн унших, бичих, компьютерт бичих чадварыг асуусан хэсэг аж. Төрийн албаны зөвлөлийнхөн өнгөрсөн хоёрдугаар сард анкетыг шинэчлэх ажил эхэлсэн хэмээн мэдээлж байв. Ийнхүү багагүй хугацаа зарцуулсан атал дээр дурдсан асуудлуудыг шийдсэнгүй.
Ташрамд дурдахад, үүнээс өмнө 2019 онд уг анкетыг шинэчлэн баталжээ.