Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаан дуусаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгсний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЭЦА-ны дарга, хурандаа Т.Сүхболд, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Тухайлбал, хурандаа Т.Сүхболд “Орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн хувьцааны 51 хувь нь орон нутгийнх, 19.69 нь “Ажнай корпорац”, 16.31 нь “Шандас импекс”, 12 хувийг бусад байгууллага эзэмшдэг. Тус компаниас нүүрс худалдан авсан аж ахуйн нэгжүүд мөнгө нэмж, экспортод гаргадаг болох нь батлагдсан. 2013-2017 онд 296 компанийн 7373 тээврийн хэрэгсэл 32 230 удаагийн давтамжтай хоосон гарсныг аудитын байгууллагаас тогтоосон. Үүнээс манай улсын 19, БНХАУ-ын 27 аж ахуйн нэгж гэрээ хийсэн нүүрсний хэмжээнээс 942 000 тонныг экспортод илүү гаргасан байна. Гашуун сухайтын боомтоор хоосон гарсан гэх тээврийн хэрэгслийг шалгахын тулд 2450 жолоочоос мэдүүлэг авсан. Нэг автомашинд хамгийн багадаа таван жолооч бүртгэлтэй байгаа. Гаалийн ерөнхий газар, ХХЕГ-ын 2013-2017 онд хилээр гаргасан нүүрсний хэмжээ, тээврийн хэрэгслийн мэдүүлгүүд хоорондоо зөрсөн. Хил, гаалийн байгууллагынхны бүртгэсэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шүүж үзэхэд “Приус”, “Портер” загварын автомашиных байсан” гэсэн мэдээлэл өгсөн.
Харин АТГ-ын дэд дарга Г.Азжаргал “Мөрдөн байцаалтын долоон хэргийн 47 объектод нэгжлэг хийсэн, 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ шүүх авсан. Нийт 30 хүнийг яллагдагчаар татсанаас долоон албан тушаалтныг хахууль авсан, 16-г хахууль өгсөн, тавыг нь албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан, хоёрыг нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт холбогдуулан шалгаж байна. Албан тушаалтнууд нийт 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан болох нь одоогоор тогтоогдоод байгаа” гэсэн мэдээлэл өгөв.
“Нүүрсний” гэх хэрэгтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг яллагдагчаар татаж өчигдөр цагдан хорих, эсэхийг шийдвэрлэх шүүх хурал хийх гэжбайгаа талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг нэг сарын хугацаагаар цагдан хорих захирамж гаргажээ. Х.Нурлатыг “Тавантолгой түлш” ХХК-ийнхантай хамтран нүүрсний тээвэрлэх бизнес эрхэлж, орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгаж буй юм. Дайны хажуугаар дажин гэгчээр өчигдөр “Эрдэнэт Тавантолгой” ХК-ийн үүдэнд 1072 хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хэдэн хүн цуглаан зохион байгуулсан юм. Тэд өөрсдийгөө 1072 хувьцаа эзэмшигч Монгол Улсын нийт иргэдийг төлөөлсөн хэмээж байгаа. Гэтэл эл цуглааныг зохион байгуулсан Ц.Бээжингийн хувийн эрх ашиг хөндөгдсөн учраас ийм арга хэмжээ төлөвлөсөн байх магадлалтай аж. Тэрбээр 2019 оны нэгдүгээр сараас хойш орон нутаг, олон нийттэй харилцах зөвлөх гэх албан тушаал хашиж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, сард нэг сая гаруй төгрөгийн цалин авч байж. Гэтэл Засгийн газраас эл компанид томилогдсон онцгой бүрэн эрхт төлөөлөгч хөлсөөр ажиллаж буй 80 гаруй хүний гэрээг цуцалсан гэсэн мэдээлэл байдаг. Сарын орлого нь үгүй болсон хүмүүс дээрх байдлаар шударга ёсны төлөөх жагсаалын хажуугаар өөрсдийн өчүүхэн эрх ашгийн төлөө цуглаан зохион байгуулсан нь энэ бололтой.