Монгол Улс оюуны чадавхаараа дэлхийд эхний 12, насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалтаар 11 дүгээрт ордог. Гэсэн ч хүний хөгжлийн индексээр 189 орноос 92-т бичигдэж байна. Мөн боловсролын индексээр 103, өрсөлдөх чадварынхаараа 141 орноос 102-т жагсаж байгаа юм. Түүнчлэн оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49, мэдлэг чадвараа хөгжүүлэх үзүүлэлтээр 59 дүгээр байрт орж буй. 2018 онд хийсэн “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-ны үр дүнд 7-14 насны хүүхдийн үндсэн суурь чадварын түвшин маш доогуур байгааг тогтоосон. Тухайлбал, дээрх насныхны унших чадвар 61.6, энгийн аргын тоо бодох чадвар 51.5 хувьтай байгаа зэрэг нь боловсролын чанар, үр дүнд чиглэсэн эрх зүйн шинэчлэл хийх практик хэрэгцээ бийг харуулж буй талаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн танилцуулгад дурджээ. Тодруулбал, манай улсад өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй Боловсролын тухай хуулийг 2002 онд баталсан. Энэ хугацаанд Боловсролын тухай хуульд 26, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд зургаа, Бага, дунд боловсролын тухай хуульд 13, Дээд боловсролын тухай хуульд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Харин энэ удаа буюу 20 жилийн дараа Боловсролын тухай хуулийн нэршлийг Боловсролын ерөнхий хууль хэмээн өөрчилжээ. Нэрээс нь эхлээд шинэчилж буй уг хуулийг баталснаар боловсролын салбарт ямар өөрчлөлт гарах бол?
МОНГОЛ ХЭЛ, БИЧИГ, ТҮҮХ, ЁС ЗАНШИЛ, СОЁЛЫН ЧИГЛЭЛД ИЛҮҮ АНХААРАХ НЬ
Боловсролын багц хуулийг 2022 оны УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгасан билээ. Хуулийн анхаарал татаж буй зохицуулалтын талаар онцолъё. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага цахим шилжилт рүү төвлөрч буй. Иймд иргэнд боловсрол эзэмших тэгш, хүртээмжтэй боломж олгох, цахим, зайны сургалт болон бүх шатны сургалтын агуулга, хөтөлбөрийг цахим хэлбэрт шилжүүлэхээр уг хуулийн төсөлд тусгажээ. Энэ нь суралцагчид танхим, танхимын бус болон хосолсон сургалтын хэлбэрээр суралцана гэсэн үг. Мөн Монгол Улсад судалгааны их сургууль байгуулах, цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг, эх хариуцахаар хуульчлах, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд таван настай хүүхдийг заавал хамруулахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургуульд тухайн онд зургаан нас хүрсэн хүүхдийг элсүүлнэ. Ингэхдээ хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндийн болон аргагүй шалтгаанаар сургуульд орох боломжгүй хүүхдийг долоон настайд нь элсүүлж болно гэж тусгасан байна. Мөн хүүхэд өөрт тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, ганцаардал, сэтгэл гутралыг даван туулахад мэргэжлийн сэтгэл зүйн үйлчилгээ авч, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс өөрийгөө хамгаалах төлөвшил бий болгоход сэтгэлзүйч ажиллуулахаар заажээ.
Ерөнхий боловсролын сургуулиудад өнгөрсөн жилээс сэтгэлзүйч ажиллуулж эхэлсэн. Гэвч сэтгэл зүйчийн үйлчилгээ шаардлагатай хүүхэд бүрт хүрч, асуудлаас нь ангижруулж, зөвлөж чадаж буй, эсэх нь өдий хүртэл эргэлзээтэй л байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас боловсролын салбар сүүлийн хоёр жил “унтаа” байдалд шилжсэн билээ. Үүний хор уршиг бүхий л салбарт илэрсээр. Тухайлбал, цэцэрлэггүй, гэртээ хоригдсон багачууд хэл ярианы хөгжил тааруу, нийгмийн харилцаанд орохдоо идэвхгүй байгааг сэтгэлзүйчид, хэл заслын багш нар хөндөх болсон. Харин ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ихэнх цагийг ухаалаг утас, дэлгэцтэй “найзалж” өнгөрүүлснээс цахим тоглоомд донтох, сурахуйн бэрхшээл, хоцрогдолтой болсон нь цөөнгүй. “Ковид-19”-ийн үед сургуульгүй үлдсэн багачууд сурлагаар хэт хоцорсныг БШУЯ-наас ч мэдээлсэн.
Тэгвэл энэ мэт асуудлыг шинэ хууль шийдэж чадах уу гэдэг нь өдгөө анхаарал татаж байна. Түүнчлэн Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаар мэргэжлийн хуульч, өмгөөлөгч, судлаачид байр сууриа илэрхийлсээр буй юм. Түүний нэг, хүний эрх, шударга ёсны төлөө “Шүхэр” төвийн үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Э.Амархүү эл хуулийн анхаарах зүйл, заалтын талаар “Технологийн дэвшилд суурилсан суралцах боломж, багш, ажилчдын дэмжлэгийн шинэ систем, бодлогын үндэс, тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн суралцагч нарт нэмэлт боломж олгох, дэмжих гэх мэт сайжруулалтыг эрэлхийлсэн, зарим талаараа дэвшилд хүрч болохуйц хуулийн төсөл санагдлаа. Хуулийн төслийн 43.8, ялангуяа тус зүйлийн 43.10 дахь заалтад тусгасан “Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд монгол хэл, түүх, ёс заншил, соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа боловсролын байгууллага”-д дэмжлэг туслалцаа үзүүлэхээр зохицуулсан нь хэрэгцээ шаардлагад тун нийцсэн заалтуудын нэг гэж харж байна. Мөн уг төслийн 18.6 дахь хэсэгт “Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд заасан шашны сургуульд хамаарахгүй” гэж тусгасан байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр тус хуулийн элзаалт Хүүхдийн эрхийн тухай конвенцын 28 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн А дугаар заалт “бага боловсролыг үнэ төлбөргүй, заавал эзэмшүүлэх” гэснийг зөрчинө. Ингэхдээ ийнхүү хүүхдийг бага наснаас нь хийд, сүм, дацан, төвүүдэд шавилуулан суулгах боломжоо Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т “...хүндэтгэх шалтгаантайгаас бусад нөхцөлд ерөнхий боловсролыг заавал эзэмших” хэмээн тусгасан байна. Хэрэв хууль ийм агуулгатай батлагдах юм бол хүний эрх, шударга ёс, үнэний төлөөх “Шүхэр” төвийн гишүүн өмгөөлөгчид хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс тухайн заалтуудын Үндсэн хуулийн цэц болон НҮБ гэх мэт холбогдох хүний эрхийн олон улсын байгууллагад хандана. Учир нь бага боловсролыг хүүхдүүд ямар нэгэн хүндэтгэн үзэх гэсэн халхавч, хүчирхийлэл, тулган шаардлага доор эзэмшихгүй өнгөрөх ёсгүй. Сурах нь заавал эзэмших ёстой хүүхдийн үндсэн эрх” гэв.
САЛБАРЫН САЙД НЬ ХУУЛЬ ЗӨРЧИЖ, ШАШИН СУРТАЛЧИЛСАН УУ
Сүүлийн үед сурагчид бие биеэ дээрэлхсэн, бүлэглэн зодсон, тэр ч бүү хэл, хүйтэн мэс ашиглан нэгнээ гэмтээсэн үйлдэл гаргасан. Найз нөхдийнхөө хамт шинэ зүйл сурч мэдэж, эрдэм номд шамдаж буй хүүхдүүд яагаад энэ мэт бусармаг үйлдэлд холбогдох нь ихсэж, уур бухимдалтай байх болов. Хүүхдийн хүмүүжил, ёс зүйтэй холбоотой асуудал айл бүрт тохиолдож буй гэхэд хилсдэхгүй. Зөвхөн хүүхдээр ч хязгаарлагдахгүй, хүмүүжил, ёс зүй хэмээх энэ зүйл өнөөгийн манай нийгмийн гол хөндүүр сэдэв болсон гэхэд буруудахгүй байх. Энэ байдлыг ч салбарын сайд нь олж харсан бололтой. Гэвч түүний “мэргэн” санааг олон нийт ихэд шүүмжилжээ. Тодруулбал, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн аравдугаар сарын 30-нд фэйсбүүк дэх албан ёсны хуудсандаа “Том хүн стресстэж байгаатай адил бяцхан үрсийн маань дотоод ертөнц стресс, хямралд автаж байна. Томчууд хүүхдийг эс анзаарч, тэдний стресс, хямралыг арилгахад анхаардаггүйгээс бяцхан үрсийн стресс нэмэгдсээр шилжилтийн насанд хүрэхдээ дотогшоо, хүнтэй ярих дургүй, уур уцаартай болж, энэ байдлаа, архи, тамхи, хар тамхи зэргээр тайлахаар оролдож, буруу замд орох нь ихсэж байна. Тиймээс хүүхдүүдээ багаас нь зөв бясалгалд хамруулах нь наад захын цахим донтолтоос хамгаалах, ирээдүйд хийж байгаа том хөрөнгө оруулалт болно” гэж бичсэн юм. Цахим орчинд хамгийн идэвхтэй байдаг сайд нарын нэг Л.Энх-Амгалангийн эл “мэдэгдэл” доор цөөнгүйхүн сэтгэгдэл бичжээ. Тэдний олонх нь “шашин сурталчлах нь насанд хүрээгүй хүүхдийн итгэл үнэмшилд нөлөөлөх хууль бус үйлдэл, үүний оронд сонгодог хөгжим, уран зохиол, бүжиг, зургаар хичээллүүлж, бие бялдрыг нь хөгжүүлэх зэргээр сэтгэл зүйд нь эергээр нөлөөлж болно” гэжээ. Мөн “Дааж давшгүй их хичээл, даалгаврын оронд багаас нь өөрийгөө таних, сэтгэл хөдлөлөө удирдах, харилцах нийгмийн ур чадвар эзэмшүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэж үзсэн байна. Тухайлбал, иргэн У “Бясалгал, иог зэрэг нь орчин үеийн шинжлэх ухаанаар Pluralism эсвэл New Age гэсэн шашны ангилалд багтдаг болсон” гэсэн байв. Харин энэ талаар хуульч Э.Амархүү “Иргэн Энх-Амгалан ийнхүү бодох, бусдад хуваалцах, олон нийтийн сүлжээнд түгээх нь буруу биш. Харин БШУ-ы сайд Л.Энх-Амгалан ийнхүү нийтлэх, түгээх нь хуульд нийцэхгүй. Учир нь төрийн бодлого тодорхойлох, хуулийг хэрэгжүүлэхээр өндөр албан тушаалд ажиллаж л байгаа бол тухайн хүний үг, үйлдэл нь Монгол Улсын бодлогын илрэл болдог. Хэрэв сайдын хувьд ийм мэдэгдэл хийх бол бясалгал, зан үйл хийдэг бүх л төрлийн шашныг илтэд дэмжиж, боловсролын салбарын байгууллагууд үйл ажиллагаандаа тусган ажиллах өндөр магадлалтай төрийн далд бодлого байгаагийн нэгээхэн илрэл” гэсэн юм.
Харин одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Боловсролын тухай хуулийн 5.1.5-д “Нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий, гадаад улсын санхүүжилт, зохион байгуулалттайгаар шашны чиглэлээр сургалт, шашны зан үйл, бусад үйл ажиллагаа сургалт зохион байгуулахыг хориглоно” гэж заажээ. Мөн Боловсролын ерөнхий хуулийн төслийн 18.6-д “Боловсролын байгууллага нь шашны сургалт, шашны зан үйл, холбогдох бусад үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно” гэсэн байдаг. Манай улс шашны ямар нэг үйл ажиллагаа, сургалтыг нэрэн дээрээ ингэж хориглодог ч нидэр дээр зарим сурах бичигт буддын шашны зан үйлтэй холбоотой олон мэдээлэл багтаасан байдаг аж. Тухайлбал, 6-12 дугаар ангид үздэг “Иргэний ёс зүйн боловсрол” хэмээх сурах бичигт энэ тухай түлхүү оруулжээ. Эцэг, эхчүүдэд таниулж ойлгуулалгүй, зөвшөөрөлгүй заавал судлах хичээл болгосон, ялгаварлан хандаж, зөвхөн буддын шашны элементүүдийг оруулсан нь Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл гэж үзэх хүн цөөнгүй. Тухайлбал, Монголын Эвангелийн эвслээс УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдэд Боловсролын ерөнхий хуулийн төсөлд өөрчлөлт оруулах хүсэлт илгээжээ. Уг хүсэлтийн гол цөм нь суралцагч болон эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр боловсролын байгууллага нь шашны сургалт, шашны зан үйлд холбогдох бусад үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглох тухай оруулжээ. Өөрөөр хэлбэл, ...шууд хориглоно гэж заасан хэрнээ далд хэлбэрээр нэг шашныг дөвийлгөх бус, эцэг, эх, суралцагч өөрөө зөвшөөрвөл шашны үйл ажиллагааг явуулах тухай онцолсон байна. Удахгүй “мэндлэх” Боловсролын ерөнхий хуулийн анхаарал татсан зохицуулалтын нэг нь яах аргагүй шашинтай холбоотой дээрх зүйл заалт юм. Хүүхдүүд багаасаа ёс зүйн гажуудалтай, стресс бухимдалтай байгаагийн цаана үнэхээр салбарын сайдынх нь хэлсэн шиг бясалгал, иог, мөргөл зэрэг шашны ямар нэг зан үйл, итгэл үнэмшилтэй холбоотой, эсэхийг шууд хэлэх нь хэт өрөөсгөл бөгөөд эмзэг асуудал. Хүний итгэл үнэмшил, тэр дундаа насанд хүрээгүй, төлөвшөөгүй хүүхдүүдэд аль нэг шашныг ухуулан сурталчилж, сурах бичигт ил далд хэлбэрээр тусгасан зөрчлөө цэгцлэх, эсвэл ижил тэгш боломж олгох хэрэгтэй болов уу.