Манай улсад томуу, томуу төст өвчний тархалт их байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэв. Өвчлөгсдийн олонх буюу 80 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд аж. Ялангуяа амьсгалын замын цочмог халдварын улмаас эмнэлэгт хэвтэх хүүхдийн тоо нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн хугацаанд улсын хэмжээнд 7213 хүүхэд томуу, томуу төст өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс 18 хувь нь амьсгалын замын цочмог, хүнд халдвартай байсан гэнэ. Манай улсад өдгөө томуугийн А, В хүрээний вирус тархаад байгаа аж. Үүний зэрэгцээ коронавирусийн халдвар ч гарч байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж буйг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ. Түүнчлэн томуугийн дэгдэлтийн оргил үе нь арванхоёрдугаар сарын сүүлчээс нэгдүгээр сард тохиодог тул иргэд халдвар хамгааллын дэглэм сайн баримтлахыг анхааруулав.
Бэлтгэсэн М.Оч