Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн болон Соёл урлагийн газрын даргын хамтарсан тушаалаар өчигдөр Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам баталжээ. Хүүхэд хамгааллын тухай хуульд уг журмыг соёлын болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, баталж, мөрдүүлэхээр заасан. Соёлын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, олон нийтийг хамарсан арга хэмжээ, замын хөдөлгөөн, шалгалт, уралдаан, тэмцээний үед хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах талаар уг журамд тусгажээ. Тодруулбал, дээр дурдсан үйл ажиллагаа, арга хэмжээний үеэр хүүхдийн эрхийг хэн, хэрхэн хамгаалах, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зэргийг эл журмаар зохицуулах нь. Мөн хүүхдийг аливаа арга хэмжээнд оролцуулахдаа хичээл сургалтын үйл ажиллагааг нь тасалдуулахгүй байх, ийм зайлшгүй шаардлага гарсан бол хоцрогдлыг арилгах үүргийг эцэг, эх, асран хамгаалагч, бусад оролцогч тал хүлээх аж. Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхдийг олон нийтийн үйл ажиллагаанд оролцуулахдаа хүсэл, сонирхлыг нь харгалзан үзэхээр заасан байна. Үүнээс гадна хүүхдэд зориулсан дугуйлан, секц нь заавал мэргэжлийн багш ажиллуулж, хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах талаар дурджээ. Журмыг хэрэгжүүлж буй, эсэхэд хяналт тавих үүргийг дээрх хоёр байгууллагынхан хүлээхээр зохицуулсан аж.
Бэлтгэсэн М.Оч