ШУА-ийн ээлжит их чуулган өчигдөр болж, гишүүний сонгууль явуулахад Монголын тав, гадаадын хоёр эрдэмтэн тэнцэж, сонгогджээ. Тус академи гишүүний сонгуулийг хоёр жил тутам нэг удаа явуулдаг. Энэ жилийн тухайд Монголын ес, гадаадын хоёр эрдэмтэн нэр дэвшсэн юм байна. Тэднээс эдийн засгийн шинжлэх ухааны доктор Б.Батхишиг, философийн шинжлэх ухааны доктор Ч.Ган-Өлзий, анагаахын шинжлэх ухааны доктор Ч.Чимэдрагчаа, физик, математикийн шинжлэх ухааны доктор Р.Энхбат, техникийн шинжлэх ухааны доктор Д.Энхтуяа нар сонгогдов. Мөн Японы Осакагийн олон улсын их сургуулийн профессор Мацүда, Москвагийн Улсын их сургуулийн Газар зүйн факультетын ерөнхийлөгч, академич Н.С.Касимов нар академичдын бүрэлдэхүүнд нэгдлээ.
ШУА-д өдгөө академич хэргэмтэй 61 эрдэмтэн бий аж. Тэднээс энэ удаагийн их чуулганд 54 нь оролцож, санал өгчээ. Гишүүн сонгох журмын дагуу санал хураалтыг нууцаар явуулдаг бөгөөд академичдын дөрөвний гурав болон түүнээс дээш гишүүдийн санал авсан нэр дэвшигчийг сонгодог юм байна. Тодруулбал, эрдэмтэн Б.Батхишиг 75.5, Ч.Ган-Өлзий 77.4, Ч.Чимэдрагчаа 77.5, Р.Энхбат 77.4, Д.Энхтуяа 75 хувийн санал авсан аж. Харин гадаадын хоёр эрдэмтэн тус бүр 100 хувийн саналаар гишүүн болжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэхэн академичдад цолыг нь удахгүй гардуулах гэнэ.
Бэлтгэсэн Р.Жаргал