Аргентины Холбооны шүүх тус улсын дэд ерөнхийлөгч бөгөөд тус улсын удирдагч асан Кристина Фернандес де Киршнерийг авлигын хэргээр буруутгаж, зургаан жилийн хорих ял оноожээ. Энэ тухай Аргентины “Ambito Financiero” сонин мэдээлэв.
Түүнчлэн шүүхээс Киршнерийг бүх насаар нь төрийн албан тушаал хаших эрхийг хассан байна.
Киршнер болон түүний хамсаатнуудыг Санта Круз мужид дэд бүтцийн төслүүдэд хуваарилсан төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгажээ. Аргентины Төлөвлөлтийн дэд сайдын жолоочийн өдрийн тэмдэглэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаны дараа уг хэргийн мөрдөн байцаалт 2019 оноос хойш үргэлжилж байгаа аж. Тэрхүү өдрийн тэмдэглэлд Төлөвлөлтийн яам Киршнерийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд барилга, эрчим хүчний компаниудаас олон сая долларын авлига авсан баримтууд байжээ.
Гурван жил хагасын турш үргэлжилсэн мөрдөн байцаалтын явцад шүүх 117 удаа хуралдаж,114 гэрчийн мэдүүлгийг сонсжээ. Уг хэрэгч ерөнхийлөгч асан Киршнерээс гадна 12 хүн буруутгагдсан байна.