СЗХ-ны тогтоолоор баталсан Компанийн засаглалын кодексыг хувьцаат компаниудад мөрдүүлэх, тайлан мэдээлэл, нотлох баримтыг хүлээн авч, үнэлгээ хийн олон нийтэд хүргэхийг МХБ-д үүрэг болгосон. Үүний дагуу дээрх кодексыг хэрэгжүүлэх талаар бүртгэлтэй компаниудад удаа дараа албан бичиг, үлгэрчилсэн загвар, үнэлэх аргачлалыг хүргүүлсэн ч одоогоор 47 компаниас тайлан, нотлох баримтаа ирүүлснийг үндэслэн үнэлгээ хийснээ танилцууллаа. Үүнийг хийхдээ ТУЗ-ийн бүтэц, зохион байгуулалт, ТУЗ-ийн дэргэдэх хороод, тэдгээрийн чиг үүрэг, Тайлагнал, мэдээллийн ил тод байдал, Аудит, хяналтын тогтолцоо, Эрсдэлийн удирдлага, Эрх бүхий албан тушаалтны цалин урамшуулал, Оролцогч талуудын эрх ашиг болон Хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг гэсэн үзүүлэлтээр тус бүрт нь 6-12, нийт 72 оноогоор дүгнэжээ. Тайлан, нотлох баримтаа ирүүлсэн компаниудаас “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” 72 оноог бүрэн авч нэгдүгээрт бичигджээ. Үүний дараа 69 оноо авсан “Ард санхүүгийн нэгдэл”, “Э-Транс ложистикс” компани жагссан байна. МХБ-ийн хувьд 66 оноо авчээ. Дээрх 47 компаниас хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн буюу бага оноотой нь 20-ийг авсныг жагсаалтаас харж болохоор байв. Хувьцаат компаниудаас уг кодексын хэрэгжилтийн тайлан, нотлох баримтыг нэмж ирүүлсэн тухай бүр үнэлгээг өөрчлөх боломжтой аж. Эл үнэлгээ нь МХБ-ийн бүртгэлийн ангиллыг өсгөх, бууруулахад голлох шалгуур үзүүлэлт болох гэнэ.
Эргэн сануулахад, Компанийн засаглалын кодексыг өнгөрсөн гуравдугаар сард шинэчлэн баталсан билээ. Уг кодекст Монгол Улсын нөхцөл байдал болон бусад орны сайн жишигт үндэслэн компанийн засаглалын гол субъект болох ТУЗ-ийн бүтэц, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, нарийвчлан заасан юм. Эл кодексыг нээлттэй хувьцаат компаниудаас гадна даатгагч, итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч ББСБ болон хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд үйл ажиллагаандаа мөрдөхийг үүрэг болгосноор хамрах хүрээг нь өргөжүүлсэн. Аж ахуйн нэгжүүд кодекст заасан засаглалын зарчмуудын хэрэгжилтийг жилд нэгээс доошгүй удаа тайлагнах бөгөөд засаглалын тайлангаа компанийн жилийн үйл ажиллагааны тайлан болон цахим хуудсандаа байршуулахаар тусгаж байв. Энэхүү кодексыг шинэчилсэн нь хөрөнгө оруулагчид санхүүгийн үзүүлэлтийн харьцаанаас гадна компанийн засаглал талаас нь үнэлж, шийдвэрээ гаргах чанарын үзүүлэлттэй болох ач холбогдолтой юм.