Монголын сансрын үндэсний зөвлөл, ОНДО Спейс ХХК нар Япон улсын Кюүшүгийн технологийн институттай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Кюүшүгийн Технологийн Институт нь Мазаалай хиймэл дагуулын туршилт хөгжүүлэлтээрээ Монголчууд бидний танил болсон, нэр хүндтэй байгууллага юм.
Монголын сансрын үндэсний зөвлөлийг төлөөлж ЦХХХ-ны сайд, Сансрын үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал, Кюүшүгийн технологийн институтийн Ерөнхийлөгч Ясунори Митани нарын гарын үсэг зурсан санамж бичгийн хүрээнд харилцаа холбоо, сансар судлалын салбарт орчин үеийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, хүний нөөц бэлтгэх, хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах, Монголын оюутнууд болон судлаачид сансар судлалын чиглэлээр Кюүшүгийн их сургуульд суралцах үүд хаалга нээгдэж байна.
Мөн Монгол Улсын Ondo Space компани, Япон Улсын Кюшүгийн Технологийн Институт хоорондын хамтын ажиллагаа нь манай орныг сансрын технологи, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт шинэ төвшинд гаргана гэдгийг албаныхан онцоллоо.
Тус 2 байгууллагын хамтарсан төсөл амжилттай хэрэгжиж, тун удахгүй олон арван cubesat хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд хөөргөж, дэлхийг бүрхсэн хиймэл дагуулын сүлжээг үүсгэж, дэлхийн өнцөг булан бүрд үйлчилгээгээ хүргэх их зорилготой гэнэ.
ONDO Space ХХК эхний ээлжид технологийн туршилтын 3 хиймэл дагуулыг 2023 онд хөөргөхөөр төлөвлөж улмаар ирэх 5 жилийн хугацаанд нийт 176 ширхэг ижил төрлийн хиймэл дагуулыг дотооддоо бүтээж, сансарт гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэхүү хиймэл дагуулууд ажиллагаанд орсноор дэлхийн хаанаас ч, үүрэн холбооны сүлжээ ороогүй газраас ч мэдээлэл дамжуулах боломжтойгоос гадна машин хоорондын харилцаа, алсаас удирдах систем, IoT зэрэгт чиглэсэн үйлчилгээ үзүүлэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 11 дүгээр сарын 29-өөс 12 дугаар сарын 02-ний өдрүүдэд Япон Улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгчийн айлчлалтай тус гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа давхцаж байгаагаараа онцлог гэнэ.