Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалд зааснаар элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон билээ. Үүний дагуу энэ жилийн хоёр дахь элсэлтийн шалгалтыг ирэх сарын 16-19-нд зохион байгуулахаар товлосон юм. Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтын бүртгэлийг өнгөрсөн сарын 19-нөөс эхлэн орон даяар зохион байгуулж, дуусжээ. Энэ удаагийн элсэлтийн шалгалтад оролцохоор 5326 төгсөгч бүртгүүлсэн байна. Тэдний 75 хувь нь Улаанбаатар, бусад нь орон нутагт шалгалт өгөх аж. Өнгөрсөн хавар болон өмнөх жилүүдэд ерөнхий боловсролын сургууль төгсөгчид үүнд хамрагдаж буй юм. Харин өдгөө 12 дугаар ангид суралцаж буй хүүхдүүдийг оролцуулах боломжгүй гэдгийг салбарын яамнаас мэдээлсэн. Боловсролын үнэлгээний төвийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн А.Ганбаатараас шалгалтын бэлтгэл ажил болон бусад зүйлийг тодруулахад “Бэлтгэл ажил үргэлжилж байна. Үүний хүрээнд аймаг бүрт шалгалт авах байр нээхээр ажиллаж байгаа. Бүртгүүлсэн төгсөгчдийн суудлын хуваарь ирэх сарын 10 гэхэд гарна. Тухайн өдрөөс хойш хэвлэн авах боломжтой. Өмнөхийн адилаар шалгалт өгч дууссан даруйд дүнг нь гаргана. Математик, монгол хэл, бичиг, нийгмийн ухаан, англи хэлний хичээлээр хамгийн олон буюу тус бүр 3000 орчим төгсөгч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Харин орос хэлний хичээлийгхамгийн цөөн буюу 200 орчим хүүхэд сонгосон байна. Бусад хичээлийн шалгалтыг ойролцоогоор 1700 гаруй төгсөгч өгнө” хэмээлээ.
Уг шалгалтыг жилд хоёр удаа авдаг болсноор өмнө нь хамрагдсан хүүхдүүд оноогоо ахиулах, эсвэл дахин их, дээд сургуульд суралцах боломж бүрдэхийг салбарын яамнаас өмнө нь мэдээлж байв. Тэгвэл энэ удаад шалгалт өгсөн төгсөгчид их, дээд сургуульд шууд элсэх боломж бий, эсэхийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамираас лавлахад “Тухайн сургуулийн оюутан элсүүлэх журамд тусгасан хяналтын тоо нь гүйцээгүй тохиолдолд нөхөх маягаар нэмэлт элсэлт авах боломжтой. Харин тоо нь гүйцсэн бол зөвхөн Монгол Улсад тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр л нэмэлт элсэлт авч болно. Зах зээлд илүүдэлтэй мэргэжлээр нэмж оюутан элсүүлэхгүй” гэв.
Бэлтгэсэн М.Оч