БНСУ-н Сонму эмнэлгийн эмч нар Ш.Соджавхлан хүүд үнэ төлбөргүй мэс засал хийж тусалжээ. Тэрбээр, 2022 оны 10 сарын 30 ны өдөр Солонгос улсад хөл тавьж, 11 сарын 1-ний өдөр мэс засалд орлоо. Түүний мэс засал дөрвөн цаг үргэлжилж, хурууны арьсыг салгахаас гадна шинээр арьс суулгах мэс заслыг хийсэн байна. Ш.Соджавхлан хүүгийн мэс засал амжилттай болж эмнэлгээс гарч эмнэлгийн гадуурх эмчилгээ хийлгэж байжээ.
Инчон Сонму эмнэлгийн хамт олон түүнийг Инчон хоттой танилцуулахаас гадна, амьтны хүрээлэн үзүүлж, ирэх жил сургуульд орох бяцхан хүүд хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн байна. Түүнд мэс засал гардан хийсэн гэмтэл согогын их эмч Чү Сон Ён "Бяцхан хүүхдийн хувьд хүнд мэс засал ч маш цоглог хүү учраас амжилттай даван гарлаа. Эх орныхоо ноён нуруу болсон хүүхдэд итгэл найдвар өгч чадсандаа үнэхээр баяртай байна" хэмээсэн юм. Тэрбээр энэ сарын 24 нд буюу өчигдөр эх орондоо ирсэн байна.
БНСУ-н томоохон эмнэлгүүд нийгэмд хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд гадны орны өвчтөнд үнэ төлбөргүй мэс засал хийж өгөх явдал их байдаг. Инчон Сонму эмнэлгийн зүгээс өнгөрсөн хугацаанд хятад орос монгол гэх мэт зургаан орны найман өвчтөнд хүнд болон хөнгөн мэс заслыг үнэ төлбөргүй хийж өгсөн байна. Цаашид сайн үйлийн аяныг улам өргөжүүлж олон өвчтөн хамрагдах боломж олгохоор зорьж байгаа хэмээсэн юм.