Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд цахим шилжилт хийх, шинэлэг санааг хуваалцсан “UB healthcare week 2022” цогц арга хэмжээг нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-аас зохион байгуулсан билээ. Үүний хүрээнд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг технологиор шийдэх, цахим шилжилтийг өргөжүүлэх зорилгоор өдөрлөг, үзэсгэлэн зохион байгуулж, шинэ, дэвшилтэт технологи, инновац шингэсэн 10 цахим үйлчилгээголон нийтэд танилцуулсан юм. Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж шинэ технологиудыг эхний ээлжид туршилтын байдлаар нэвтрүүлж, 2023 он гэхэд эрүүл мэндийн бүх байгууллагад нэвтрүүлэхээр ажиллаж буй гэдгийг хэллээ. Шинэлэг санаа, инновац шингээсэн тэдгээр технологиос онцлон танилцуулж байна.
ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХААНА ЯВААГ МЭДЭХ БОЛОМЖТОЙ
Түргэн тусламжийн төвийн багийн байршлын маршрутыг дуудлага өгсөн иргэний утсанд дамжуулах системийг хөгжүүлж байна. Өмнө нь дуудлага өгсөн иргэн түргэний машин хаана явааг мэдэх боломжгүй, тусгай дугаарт олон дахин залгаж, ачаалал үүсгэдэг байсан. Тэгвэл энэхүү шинэ системийг нэвтрүүлснээр ачаалал буурч, байршил тодорхой болох боломж бүрдэж буй юм. Уг системийг 2023 онд илүү хөгжүүлж, аппликэйшн болгох аж. Ингэснээр иргэд түргэн тусламжийн машин хаана явааг мэдэхээс гадна эмч очтол авах арга хэмжээг зөвлөгөө байдлаар хүлээн авах аж. “Манайх эмнэлгийн зориулалтын 88 автомашинтай. Үүнээс 70 автомашинд GPS суурилуулсан. Үлдсэн машинуудад ойрын хугацаанд GPS суурилуулна. Тус программыг “Ай Си Ти групп”-тэй хамтарч, нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжүүлсэн” гэж нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Айболат онцоллоо.
ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫН ПРОГРАММ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЖЭЭ
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хэрэгжүүлж буй, жирэмсэн эмэгтэйчүүдийн хя налт, бүртгэлийн систем нь өрхийн эрүүл мэндийн төв болон эх барих эмэгтэйчүүдийн эмчийн хоорон дын уялдаа холбоог сайжруулах давуу талтай. Тус сис темийг жирэмсэн эх болон эх барих эмч хэрэглэснээр жирэмсний хяналт сайжирч, хүртээмж нэмэгдэн, мэдээллийн нэгдсэн сан үүсэх юм. Ингэснээр амьгүй, хяналтгүй төрөлт, эхийн эндэгдэл тодорхой хэмжээнд буурах болно. Өмнө нь жирэмсэн эх хөтөч картаа эмнэлэгт үлдээж, эмчийг дуудахад заавал очдог тогтолцоотой байсан. Тэгвэл энэхүү системийг ашигласнаар жирэмсэн эх хөтөч картаа биедээ авч яван, биеийн байдал, үзлэгийн явцыг өөрөө хянах аж. Түүнчлэн эмч нь цахимаар давхар хянах боломж бүрдсэнийг Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Д.Мэндбаяр мэдээлсэн юм.
ҮЗЛЭГИЙН ЦАГ ЗАХИАЛЖ, ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГАА АВАХ КИОСК МАШИН
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Мэдээлэл технологийн албаны дарга А.Амартөвшин “Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв нь “И-Клиник” ХХК-тай хамтарч нийслэлийн хэмжээнд тус төслийг хэрэгжүүлж буй. Уг киоск машинаас ойрын 20 хоногийн хугацаанд эмнэлэгт үзүүлсэн эрүүл мэндийн хуудсыг цаг алдалгүй хэвлэх, үзлэгийн цаг захиалах, шинжилгээний хариу авах боломжтой. Эдгээр үйлчилгээг цахимжуулснаар иргэд цаг хэмнэхээс гадна авлига, хүнд суртлаас сэргийлэх олон давуу талтай. Мөн энэ нь “Е-Mongolia” болон эмнэлгийн дотоод удирдлагын системд шууд холбогдсон. “E-Mongolia” аппликэйшнээс иргэн цаг авч, зөвхөн тухай нхугацаандаа үзүүлдэг. Харин тухайн өдөр цаггүй байсан ч киоск машинаас нэмэлт цаг авах боломжтой юм. Одоогоор киоск машины зөвхөн үзлэгийн цаг, шинжилгээний хариу авах үйлчилгээг нь идэвхжүүлсэн бөгөөд хагас жилийн өмнөөс хэрэглээнд нэвтрүүлсэн. Иргэд тус машинаар өдөрт 1000 орчим цаг захиалж байна” гэлээ.
ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЦАГ ЗАХИАЛГЫН СИСТЕМ
“Дижитал анд мед” компани өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зориулсан цаг захиалгын систем нэвтрүүлж буй. Иргэд урьдчилсан байдлаар аппликэйшн болон киоск машин ашиглан цаг захиалснаар дугаарын дагуу үйлчлүүлэх боломж бүрджээ. Киоск машины тусламжтайгаар иргэдийг дугаарын дагуу дуудахын сацуу эрүүл мэндийн байгууллагын танил цуулга, төрөл бүрийн сурталчилгааг ухаалаг дэлгэцэд гаргадаг давуу талтай. Нийслэлийн ЗДТГ-тай хамтарч “Дижитал сити” төслийн хүрээнд хөгжүүлж буй “Smart UB” аппликэйшнээр дамжуулан цаг захиалах систем ашиглалтад орж, нээлтээ хийхэд бэлэн болоод байна. Одоогоор Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвд тус киоск машиныг ашиглаж байгаа юм.
АЛСЫН ЗАЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ТЕЛЕМЕДИЦИН ТЕХНОЛОГИ
Телемедициний хяналт нь алсын зайнаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг технологи юм. Өөрөөр хэлбэл, байнгын хяналтад байх шаардлагатай иргэд заавал эмнэлэгт очих, эсвэл эмч дуудаж үзүүлэхгүй. Харин эмчтэйгээ аппликэйшнээр холбогдон үзүүлэх боломж бүрджээ. Мөн гурван төрлийн амин үзүүлэлт шалгадаг аппаратыг өвчтөний зөвшөөрөлтэй гэрт нь хүргэх гэнэ. Тухайн хүний оношинд тулгуурлан нэмэлтээр зөөврийн аппаратуудыг хүргэх боломжтой бөгөөд нарийн мэргэжлийн эмч нар өвчтөнтэй 10 хоногт 1-5 удаа цахимаар холбогдох юм.
ХҮҮХДИЙН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДЛЫГ Ч ЦАХИМААР ХЯНАНА
0-5 насны хүүхдийн хоол тэжээлийн дутагдал, жингийн алдагдлыг өрхийн эмнэлгүүд хянадаг. Үүнийг анх цаасан маягтаар хянадаг байсан бол өдгөө цахимд шилжжээ. Пос машинд 0-5 насны хүүхдийн жин, өндөр гэх мэт үндсэн мэдээллийг оруулбал олон улсын хэмжээсээр бодогдож, хүүхдээ хянах, эмчилгээг үргэлжлүүлэх боломж бүрдэнэ. Гар ажиллагааг ийнхүү цахимжуулснаар ажил хөнгөвчлөгдөж, мэдээллийн сан үүсээд буй.