Улсын хэмжээнд өдгөө амбулаторийн нийт үзлэгийн 10 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж буйг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэв. Энэ нь амьсгалын замын өвчин нэлээд газар авсныг илэрхийлэх үзүүлэлт бөгөөд уг тоо 15 хувьд хүрвэл гамшгийн түвшин гэж үздэг. Нийслэлээс гадна аймгуудын талаас илүү хувьд нь томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаа гэнэ. ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан “Эмнэлэгт хэвтэж байгаа нийт хүүхдийн 66 хувь нь амьсгалын замын халдварт өвчтэй байна. Амьсгалын замын халдварт өвчнүүдээс реновирус, бокавирус, хүний метаневмовирус, Н томуугийн вирус зонхилж байна. Мөн коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа. Бокавирус, хүний метаневмовирус, H томуугийн вирус нь 0-5 настай хүүхдүүдийг түлхүү өвчлүүлж, богино хугацаанд уушгины хатгалгаа үүсгэдэг. Иймд бага насны хүүхдэд томуугийн шинж тэмдэг илэрч байвал дураараа эмчлэхгүйгээр эмнэлэгт хандахыг зөвлөе” гэв. Коронавирусийн омикрон хэлбэрийн шинэ хувилбар болох BQ.1.2, BF.7 манай улсад бүртгэгдсэн талаар өмнө нь ХӨСҮТ-өөс мэдээлж байсан. Тэгвэл эдгээр хувилбарын тархалт тогтмол өссөөр байгаа аж. Тухайлбал, сүүлийн хоёр долоо хоногийн шинжилгээний сорьцод BQ.1.2 нь 30, BF.7 найман хувийг эзэлсэн байна. Өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 6 хүртэлх долоо хоногийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн 772 тохиолдол бүртгэгдэж байжээ. Сүүлийн үед энэ үзүүлэлт 1000 давах болсныг дээрх төвөөс сэрэмжлүүлэв. Мөн халдвараас сэргийлэхийн тулд амны хаалт зүүхийг зөвлөлөө.
Бэлтгэсэн М.Оч