Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ)-гаас жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-ны өдрийг “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэхийг уриалж, өдгөө дэлхий даяар 130 гаруй орон уриалгад нэгдэн, тэмдэглэж байна.
НҮБ-ын “Хүүхдийн эрхийн конвенц” батлагдсан энэ өдрийг улс орнууд "GoBlue" аяны хүрээнд хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөх, хүүхдийн асуудалд анхаарал хандуулахыг уриалсан төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг юм. Энэ жишгээр Соёлын яам Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хоёр дахь жилдээ "GoBlue" аяныг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жил дээрх санаачилгад “Зайсан Хилл” цогцолбор, “Монголын Скаутын холбоо” нэгдэж, хамтран зохион байгуулсан бөгөөд хүүхдүүдэд эрхийг нь сануулах, хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийх амлалтуудаа өгсөн юм.
Дэлхийн хүүхдийн өдөр тохиож буйтай холбогдуулан Соёлын сайд Ч.Номин Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Комлантай уулзаж хүүхдийн эрх, соёлын хүртээмж, оролцоог нэмэгдүүлэх, бодлогын баримт бичгүүддээ тусгагдсан хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, соёлын боловсрол, хүртээмжийг нэмэгдүүлэхэд Хүүхдийн сантай бодлогын хэмжээнд хамтран ажиллахаа дахин илэрхийллээ.
Мөн Монгол Улсын Соёлын яам Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарч, хүүхдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, манлайлалтай ажиллахаа амлан, тодорхой уриалгуудыг дэвшүүлэн ажиллаж буй билээ.