Улсын хэмжээнд өнгөрсөн наймдугаар сараас хойш 398 хүн угаарын хийн хордлогод өртжээ. Эдгээр нь нийслэлийн долоон дүүрэг, дөрвөн аймагт бүртгэгджээ. Тэр дундаа Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хамгийн олон иргэн угаарын хийн хордлогод өртсөн байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн угаарын хийн хордлогын шалтгааныг судлахад 57.7 хувь нь гэрт амьдардаг айлынхан унтахдаа яндангаа авч, өрхөө бүтээсэнтэй холбоотой байжээ. Мөн 20.6 хувь нь тухайн айл өрхийн зуух, пийшин, яндангийн бүрэн бүтэн байдал алдагдсанаас шалтгаалсан гэнэ. Харин 5.4 хувь нь сайжруулсан түлшийг буруу галласантай холбоотой аж. Үлдсэн хувь нь бусад шалтгаанаас үүдэлтэй байжээ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Эрүүл мэндийн газар болон дээрх төвийнхөн хамтран Улаанбаатар хот дахь өрхийн эмнэлгүүдийн 200 эмч, есөн дүүргийн Шуурхай штабын мөн тооны албан хаагчийг сургалтад хамруулж, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх, эрсдэлт бүлгийн айл өрхөд хүрч ажиллах, хордлогод өртсөн үед авах арга хэмжээний талаар зөвлөмж, мэдээлэл өгсөн байна.
Бэлтгэсэн М.Оч