Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар боловсролын зарим байгууллагад суралцагчдын хоолны норматив зардлыг нэмэх талаар хэлэлцжээ. Юуны өмнө дотуур байранд амьдарч буй сурагчдын хоолны зардлыг нэмэх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэхээр болсон аж. Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн гишүүд, судлаачид, сургалтын байгууллагуудын зүгээс уг зардлыг зайлшгүй нэмэх шаардлагатай гэсэн санал гаргажээ. Улсын хэмжээнд өдгөө ерөнхий боловсролын сургуулийн 523 дотуур байранд 6-18 насны 33 312 хүүхэд амьдарч буй юм байна. Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг 3475 төгрөгөөр тогтоожээ. Тэгвэл ирэх оноос ахлах ангийн сурагчдын хоолны зардлыг 825, дунд болон бага ангийнхыг 525 төгрөгөөр нэмэх саналыг БШУЯ-наас Засгийн газрын хуралдаанд танилцуулсан гэнэ. Ингэснээр ахлах ангийн сурагчдын хоолны зардал 4300, бага, дунд ангийнх нь 4000 төгрөг болох юм байна. Уг зардлыг шийдвэрлэх боломжийг хамтран судалж, цаашид үе шаттайгаар төсөвт тусгахыг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгажээ.
Бэлтгэсэн М.Оч