“Альфа паблишинг” ХХК-ийн “Альфа бүүк” номын дэлгүүр өнгөрсөн оноос “Өглөөний уншлага” хөтөлбөр хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургуулиудыг уг санаачилгад нэгдэхийг уриалсаар ирсэн. Энэнь сурагчдыг ном унших дадалд сургах зорилготой хөтөлбөр. Багш, сурагчид хичээл эхлэхээс өмнөх 10-15 минутыг уншлагад зарцуулснаар номд дурлах, хамтдаа хөгжих, харилцаа, хандлага өөрчлөгдөх зэрэг олон эерэг үр дүнтэй гэж санаачлагчид онцолж байв. Тэгвэл уг дэлгүүр “Өглөөний уншлага” хөтөлбөрөө идэвхжүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 40 сая төгрөгийн шагналын сантай уншлагын уралдаан зарлажээ. Үүнд оролцох ангиуд “Өглөөний уншлага” гэсэн фэйсбүүкийн бүлгэмд нэгдэж, өглөө ном уншсанаа зураг, дүрс бичлэгээр баталгаажуулан, сонирхолтой, шинэлэг байдлаар бэлтгэж оруулах юм байна. Хамгийн гол нь уг хөтөлбөрийг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэх ёстой гэнэ. Сурагчид унших номоо ч өөрсдөө сонгох аж. Уралдаан энэ сарын 11-нээс ирэх оны тавдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд бага, дунд, ахлах бүлгээс тус бүр эхний гурван байрыг шалгаруулах нь. Бүлгээс үл хамаараад тэргүүлсэн ангийн сурагч бүрт 100, хоёрдугаар байрт орсонднь 80, гуравдугаархаднь 50 мянган төгрөгийн ном бэлэглэх бол анги удирдсан багшид 1 000 000-2 000 000 төгрөгийн урамшуулал олгохоор төлөвлөжээ.
Бэлтгэсэн Н.Буян