Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир Засгийн газарт танилцуулга хийсэн байна. Тэрбээр эрүүл мэндийн салбартай хамтарч хэрэгжүүлж буй нөлөөллийн аяныхаа талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, эрүүл зөв хооллолт, идэвхтэй зөв хөдөлгөөнийг боловсролын салбар, хүүхдүүдэд хэвшүүлэх талаар танилцуулав. Өмнө нь цэцэрлэг, сургуулийнхний дунд өглөөний цайгаа заавал уух аян хэрэгжүүлсэн байна. Энэ аян 100 мянга гаруй хүүхдэд хүрчээ. Хоол, шим тэжээлийн сарын аяны хүрээнд цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан цахим хичээлийг цувралаар явуулсан байна. Өдгөө эрүүл хооллолтын аяныг зохион байгуулж буй бөгөөд 500 гаруй сурагчдад хүргэснээ танилцуулав. Мөн оюутнуудыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж эхэлжээ. Үзлэг оношилгоо дуусахаар үр дүнг нь танилцуулах аж. Улмаар дээрх нөлөөллийн аянуудынхаа хүрээнд хүн цадталаа идэх ёстой юу, шим тэжээлтэй хоол идэх ёстой ву гэдгийг сургалтаар таниулж, сурагч, залуусыг амьдралын зөв дадал хэвшилтэй болгохоо энэ үеэр мэдэгдлээ.
Боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны норматив зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн гишүүд, донор байгууллагууд, судлаачид, сургалтын байгууллагын зүгээс дотуур байрны суралцагчийн хоногийн хоолны норматив зардлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ. Дотуур байранд амьдарч байгаа суралцагч 3000 төгрөгийн зардлаар өдрийн гурван удаа цай, хоол иддэг. 2023 оны батлагдсан төсвийн хүрээнд 1300 төгрөгөөр нэмэгдүүлэн 4300 төгрөг болгох боломж байгааг салбарын яам мэдээлж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн 523 дотуур байранд 2022-2023 оны хичээлийн жилд 6-18 насны 33312 хүүхэд амьдарч буй. 2023 оны төсөвт багтаан ЕБС-ийн дотуур байрын ахлан ангийн сурагчдын хоолны зардлыг 825 төгрөгөөр нэмэгдүүлж 4300, дунд болон бага ангийн хүүхдийн хоолны зардлыг 525 төгрөгөөр нэмэгдүүлж 4000 төгрөг болгох боломжтой гэж үзэж байна. Танилцуулгатай холбогдуулан боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны норматив зардлыг шийдвэрлэх боломжийг Сангийн яамтай хамтран судалж, цаашид үе шаттай төсөвт тусган саналаа танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.