Монгол Улсын 2023 оны төсвийн талаарх мэдээллийг Сангийн яамнаас өчигдөр танилцууллаа. Ирэх оны төсвийн нийт орлого 19.7 их наяд гаруй төгрөг байх бол зарлагыг 20.4 их наяд хэмээн тооцсоныг дурдлаа. Энэ талаар тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Төсвийн ерөнхийлөн захирагч болон төсөвт бүх байгууллагын зардлыг 94.5, нийт хөрөнгийн зардлыг 7.1 тэрбум төгрөгөөр багасгасан. Харин гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний хөнгөлөлтөд 33.6, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 13.5, Улаанбаатар хотын автобусны парк шинэчлэлд 318 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ирэх онд шинэ бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахгүй ч 7.9 их наяд төгрөгөөр үнэлэхүйц 1141 төслийг үргэлжлүүлэн санхүүжүүлнэ. Түүнчлэн төсвийн орлогыг нэмэх зорилгоор ирэх онд Монголбанк 20 тонн алт худалдан авч, борлуулан 29 тэрбум төгрөг олно . Мөн үл хөдлөх хөрөнгө болон газрын төлбөрийн орлогоос 97 орчим тэрбумыг төвлөр үүлэхээр тооцлоо” гэв. Үүнээс гадна “Евро”, “Самурай”, “Гэрэгэ” бондын төлбөрийн заримыг дахин санхүүжүүлэхээр төлөвлөсөн, БНХАУ-ын Ардын банкны своп хэлцлийг сунгахаар төлөвлөсөн тул төсөвт дарамт учруулахгүй байх боломжтой аж. Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт сайжирч буй нь бондын өр төлбөрийг барагдуулахад дөхөм болохыг ч мэргэжилтнүүд онцоллоо.