Манай улсын биологичид шинэ зүйлийн шимэгч хорхой илрүүлж, дэлхийн шинжлэх ухааны амьтны аймгийн бүртгэлд албан ёсоор оруулжээ. Тодруулбал, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн ахлах багш, амьтан судлаач Н.Батсайхан тэргүүтэй судлаачид Ховд аймгийн Булган сумын нутагт орших Байтаг богд уулд судалгаа хийх явцдаа сохдой оготноос нэгэн зүйлийн шимэгч хорхой илрүүлсэн нь урьд өмнө нь шинжлэх ухаанд тэмдэглэгдэж байгаагүй шинэ зүйлийн амьтан байжээ. Улмаар түүний шавь, судлаач Ц.Алтангэрэл уг шимэгч хорхойны талаар эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, “Arostrilepis batsaikhanii” нэрээр бүртгүүлсэн байна. Судлаачид аливаа нэг амьтан, ургамлыг шинжлэх ухаанд өөрийн болон ойр дотнынхоо хүмүүсийн нэрээр бүртгүүлэх тохиолдол түгээмэл. Мөн тухайн эндемик зүйлийг илрүүлсэн газар орны нэрийг тодотгон оруулах нь элбэг. Тэгвэл энэхүү зүйлийг монгол судлаачийн нэрээр тодотгосон гэнэ.
Н.Батсайхан бол Монгол орны хөхтөн амьтдын экологийн судалгаагаар олон жил дагнасан, манай нэртэй эрдэмтдийн нэг. Түүний илрүүлсэн “Arostrilepis batsaikhanii” хэмээх шинэ зүйл нь хөхтөн амьтнаас үүдэлтэй аж. Сохдой оготно бол хөхтний ангид багтдаг, бидний нэрлэж заншсанаар сохор номин юм.