Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг 2022 оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл “Эерэг хандлага–Эрүүл оюутан” уриатайгаар зохион байгуулж буй.
Энэ хүрээнд өнөөдөр Монгол Улсын Боловсролын их сургууль дээр эрүүл мэндийн зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа. Аяны хүрээнд нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас МУБИС-ийн оюутнуудад ганцаарчилсан Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх явуулын үйлчилгээ ажиллуулаж эхэллээ. Сэтгэл зүйн зөвлөгөө гөх уг явуулын цэг МУБИС-ийн Б байрны дэргэд ажиллаж байна. Тус явуулын цэгт оюутан гэлтгүй энгийн иргэд ч очиж сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой.
Мөн өдөрлөгөөр оюутнуудад төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих бодлого үйл ажиллагааг таниулж, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна ЭМД-ын ач холбогдлыг ойлгуулах яриа хийв. Мөн ЭМД-ын шимтгэлээ газар дээр нь хурдан шуурхай төлөх, сайн дурын ажлын ач холбогдлыг таниулсан юм.
Тус өдөрлөгт Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын ерөнхий газрын дарга, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын оюутны холбооны төлөөлөл оролцож, оюутан суралцагчдыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах боломжийн талаар мэдээлэл өгөв.
Бэлтгэсэн Б.Мөнхсайхан