Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдэх болсныг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өчигдөр мэдээлэв. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 772 хүн “Ковид-19”-өөр өвчилсөн нь батлагджээ. Үүнийг өмнөх долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 415-аар нэмэгдсэн байна. Өдгөө коронавирусээр халдварласан 349 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Түүнчлэн манай улсад коронавирусийн омикрон хэлбэрийн BQ.1.2 хувилбар тав, BF.7 нь нэг хүнээс илэрснийг тус төвөөс мэдээллээ. Эдгээр нь омикроны шинэ дэд хувилбар бөгөөд зарим улсад өргөн хүрээнд тархаж, халдварын давлагаа үүсгээд буй юм. BF.7 хувилбараар өвчилсөн хүн нь 72 настай, БНХАУ-ын иргэн бөгөөд ОХУ-д ажиллаж байгаад манайд иржээ. Тухайн иргэнийг зочид буудалд нь тусгаарласныг дээрх төвийнхөн мэдээлсэн. Харин BQ.1.2 хувилбараар халдварласан таван хүн манай улсын иргэн аж. Тэдгээр иргэний өнгөрсөн сарын 18, 19-нд өгсөн шинжилгээний сорьцоос дээрх шинэ хувилбар илэрсэн бөгөөд хоёр нь өдгөө эмнэлэгт, бусад нь гэрийн хяналтад байгаа гэнэ. Коронавирусийн тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэд халдвар хамгааллын дэглэм баримталж, амны хаалт зүүхийг ХӨСҮТ-ийнхөн зөвлөлөө.
“Ковид-19”-өөс гадна томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаа нь эмнэлгүүдийн ачааллыг ихэсгэснийг Томуугийн үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга, доктор А.Бурмаа мэдээлэв. Тэрбээр “Улсын хэмжээний эмнэлгүүдийн амбулаториор үйлчлүүлж буй нийт иргэний 9.6 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн. Амьсгалын замын халдвараас үүдэлтэйгээр эмнэлэгт хэвтэж байгаа хүний тоо нийт эмчлүүлэгчийн 16.2 хувийг эзэлж байна. Тэр дундаа аймаг, дүүргийн хэмжээнд эмнэлэгт хэвтэж байгаа нийт хүүхдийн 68 хувь нь амьсгалын замын цочмог халдвараар өвчилжээ” хэмээв. Түүнчлэн хүний метапневмовирусийн тархалт нэлээд их байгааг тэрбээр онцоллоо. Томуу төст өвчний уг вирус нь хүний биеийн байдлыг нэлээд хүндрүүлдэг, амьсгалын дээд зам болон бусад эрхтнийг шууд гэмтээх эрсдэлтэй бөгөөд хатгалгаа, астма үүсгэдэг байна. Мөн хоол боловсруулах эрхтнийг давхар гэмтээх эрсдэлтэй аж. Ханиалгах, нус гарах, хамар, хоолойн салстууд улайх, хавагнах, гүйлгэх, суулгах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг эл вирусээр тав хүртэлх насны хүүхдүүд голчлон халдварлаж, биеийн байдал нь хүндэрч буй гэнэ.
Бэлтгэсэн М.Оч