“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг өчигдрийн хуралдаанд ЭЗХЯ-наас танилцуулж, валютын орлого төвлөрүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн, гаалийн хяналтыг сайжруулах болон уул уурхайн биржийн тогтолцооны нэгдсэн цахим систем бий болгох зэрэг ажлын явц, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны эхний есөн сарын хугацаанд сард дунджаар 65 сая ам.доллар Монголбанканд худалдсан бол аравдугаар сараас 70.5 сая болж нэмэгджээ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1-9 дүгээр сард сар бүр дунджаар 81 сая “ногоон”-ыг дээрх банканд худалдсан бол аравдугаар сараас эл тоо 103 сая болж өсжээ. Түүнчлэн гадаад валютын нөөц есдүгээр сард танилцуулга хийхээс өмнө буюу өнгөрсөн наймдугаар сарын эцэст 2.69 тэрбум ам.доллар байжээ. Тэгвэл аравдугаар сарын эцэст 2.78 тэрбум болж, валюттай холбоотой Засгийн газрын тэмдэглэл гарч, тогтоол батлагдахаас өмнөх түвшнээс 90 сая ам.доллароор нэмэгдсэн гэв. Дээрх тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд болон холбогдох албан тушаалтанд үүрэг болгосон аж. Ташрамд дурдахад, манай улсын гадаад валютын нөөц өнгөрсөн есдүгээр сард 2.79 тэрбум ам.долларт хүрснийг Монголбанкны цахим хуудсанд тэмдэглэж байв.
Бэлтгэсэн Б.Сонор