Засгийн газраас 2023-2025 оны Монгол Улсад зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ахалж байгаа аж. Үндэсний хороо дотор зургаан дэд хэсгийг байгуулсан талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.
2023 онд нэг сая жуулчин давуулах зорилтыг тавьж ажиллаж байна. Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах буюу эвент арга хэмжээний хүрээнд улс орноо хэрхэн сурталчлан таниулах төлөвлөгөөг гаргасан. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд манай улсыг илэрхийлэх түлхүүр үг, өнгө төрхийг боловсруулсан гэдгийг Соёлын сайд Ч.Номин хэллээ. Мөн тэрбээр, "Монгол Улсыг илэрхийлж дүрслэхдээ хаанаас ч харсан ойлгомжтой байх үүднээс олон төрлөөр хэрэглэж болох түлхүүр үгүүд, өнгө төрхүүдийг сонгосон. Хамгийн гол нь Гадаад харилцааны сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай нягт хамтран ажиллана. Жуулчдад зориулсан нэгдсэн календарийг гаргаж, Засгийн газраас батлуулна. Аливаа жуулчин хаашаа аялах вэ гэж төлөвлөгөө гаргахаар компьютер нээхэд тухайн хүний бодолд Монгол Улс орж ирэх хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төлөвлөгөөгөө боловсруулж байна" гэв.