Монголын урлагийн зөвлөл 2010 оноос хойш Америкийн монголчуудын соёлын холбоотой хамтран “Ирээдүйн авьяастан” тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж буй. Хүүхэд, залуусын урлагийн боловсролд дэмжлэг үзүүлэх, үндэсний өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх нь уг хөтөлбөрийн зорилго аж. Мөн Монгол Улсад нэн шаардлагатай, ховор мэргэжлээр амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилготой. Энэ хичээлийн жилд уг тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын төгөлдөр хуур хөгжмийн дөрөвдүгээр дамжааны оюутан Б.Тэнгис, флейт хөгжмийн гуравдугаар дамжааны оюутан Б.Дөлгөөн, эвэр бүрээ хөгжмийн арваннэгдүгээр ангийн сурагч О.Батжин нарт олгожээ. Уг тэтгэлгийг 2010 оноос хойш 50 оюутан авсан байна.
Бэлтгэсэн А.Хангал