Орон сууцын ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар, Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 6.6 их наяд төгрөгийн санхүүжилтийг 109.8 мянган өрхөд олгожээ. Монголбанкнаас уг хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж буйгаа мэдээлэв. Өнгөрсөн 1-9 дүгээр сард 494.8 тэрбум төгрөгийн дүнтэй ипотекийн зээлийг 5.9 мянган өрхөд Монголбанк, банкуудын эх үүсвэрээр олгосон байна. Цар тахлын хуулийн дагуу хөт өлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас энэ оныг дуустал таван удаа хойшлуулсан. Зээлийн эргэн төлөлтийг эхний удаа хойшлуулахад хамрагдсан иргэний тоо 38 152, дараагийнхад нь 55 728, гурав дахь удаад нь 58 198, дөрөв дэхд нь 61 726 болж өсжээ. Тэгвэл тав дахь удаагаа сунгаснаар 3.4 их наяд гаруй төгрөгийн санхүүжилтийн үлдэгдэлтэй 63 171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн хойшлуулсан гэнэ. Ташрамд дурдахад, 2018 онд 4683, дараа жил нь 6476, 2020 онд 5122, өмнөх жил 13 452, энэ оны 1-9 дүгээр сард 5904 иргэн ийм зээлд хамрагджээ.
Бэлтгэсэн Б.Сонор