Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” сургуулийн А байрны нэгдүгээр давхарт өчигдөр хий алдагдан, улмаар сурагч, багш, ажилтнуудад хордлогын шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хүргэгджээ. Тус сургуулийн нэгэн багшаас нөхцөл байдлыг лавлахад “10.30 цагийн үед хий алдсан. А байрны нэгдүгээр давхарт байрлах хоолны газраас алдсан байх магадлалтай гэсэн таамаглал гарлаа. Хүүхдүүдийн толгой өвдөж, дотор муухайрах, заримд нь амьсгал боогдох шинж тэмдэг илэрч эхэлсэн. Тиймээс сургуулийн нийгмийн ажилтан холбогдох байгууллагынханд мэдээлэл өгсөн юм билээ” хэмээв.
Аймгийн Онцгой байдлын газрын химийн мэргэжилтэн, ахмад Ц.Баянзултай 15.30 цагийн үед холбогдож, газар дээрх нөхцөл байдлыг тодруулахад “Оюуны ирээдүй” сургууль нь А, Б гэсэн хоёр байртай. Ахлах ангийнхан нь хичээллэдэг А байранд хий алдагдсан гэх дуудлага манай байгууллагад 10.57 цагт ирсэн. Ингэхдээ хоолны газраас хий алдагдсан гэх дуудлага өгсөн юм. Тухайн газарт үзлэг хийхэд нэг баллон байсан ч тэндээс хий алдагдаагүйг тогтоосон. Улмаар сургуулийн химийн лабораториос алдагдсан байж болзошгүй гэж үзээд шалгалаа. Гэтэл тэнд ямар нэгэн асуудал үүсээгүйг нотолсон. Харин цагдаагийн байгууллагынхан хяналтын камерын бичлэгийг шүүж үзээд, хичээлийн завсарлагааны үеэр хоёр сурагч хий цацсаныг илрүүлсэн юм. Бие хамгаалах зориулалттай, нулимс асгаруулагч хий байх магадлалтай гэж таамаглаж байна. Сургуулийн орчны тухайд аюулгүй байдлыг хангасан. Маргаашаас (өнөөдөр) сургалтаа хэвийн явуулах боломжтой. Хүүхдүүдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүлээн авч, эмчилж байгаа” гэв.
Эл нөхцөл байдалтай холбоотойгоор ЦЕГ-аас “Тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч, эрэгтэй С, эмэгтэй Э нар БНХАУ-д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой, харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагчийг их завсарлагааны үеэр нэгдүгээр давхрын цайны газрын коридорт нэг удаа цацсан нь камерын бичлэг болон эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа өөрсдөө зааж өгснөөр тогтоогдсон” гэж мэдээлсэн юм. Тэгвэл үүний улмаас хэчнээн хүүхэд хордсон, биеийн байдал нь ямар байгааг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Мөнхбатаас 16.00 цагийн үед лавлахад “Хүүхэд, багш, ажилтан нийлсэн 134 хүнийг манай эмнэлгийнхэн хүлээн авч, тусламж, үйлчилгээ үзүүлээд байна. Биеийн байдал хүндэрсэн хүн байхгүй, зарим хүний амьсгалыг дэмжих зорилгоор хүчилтөрөгчийн аппарат залгасан. Олонх хүний биеийн байдал сайжирсан учраас гэр лүү нь явууллаа. Одоогоор 30 гаруй хүүхэд эмнэлэгт байгаа. Тэдний биеийн байдлыг шалгаж, шинжилгээнд хамруулсны дараа эмнэлгээс гаргах, эсэхийг шийднэ” хэмээлээ.
Бэлтгэсэн М.Оч