Азийн шинжлэх ухааны паркийн холбоо (ASPA), Чежү чөлөөт олон улсын хотын хөгжлийн төв, Чэжү шинжлэх ухааны парк болон бусад байгууллагууд хамтран 2022 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд Азийн шинжлэх ухааны паркуудын 25 дугаар хурлыг зохион байгууллаа.
Энэ удаагийн хурал нь “Цар тахлын дараах Шинжлэх ухааны паркуудын ирээдүй” (The Future of Science Parks in the Post-Corona Era) сэдвийн хүрээнд зохион байгуулагдав. ASPA-ийн гишүүн орнууд, дотоод, гадаадын шинжлэх ухаан, технологийн паркийн захиргаа, судалгааны хүрээлэн, компани, их, дээд сургууль, шинжлэх ухаан, технологитой холбоотой байгууллагуудаас бүрдсэн 300 гаруй төлөөлөгчид оролцлоо. Тэд дараах 4 үндсэн салбар хуралдааны хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүнд:
Environment and Science Parks/Байгаль орчин ба Шинжлэх ухааны парк
Social Responsibility of Science Parks/Шинжлэх ухааны паркийн нийгмийн хариуцлага
Changes in Working Environment of Science Parks/Шинжлэх ухааны паркийн ажиллах орчны өөрчлөлт
New Technologies Related to Post-Corona/Коронагийн дараах шинэ технологиуд багтаж байна.
БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох ASPA-ын урилгын дагуу “Коронагийн дараах шинэ технологи” салбар хуралдааныг удирдан оролцов. Мөн БШУЯ-ны Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал Б.Амарсанаа Азийн шинжлэх ухааны паркуудын холбоонд шинэ гишүүний гэрчилгээг албан ёсоор хүлээн авлаа.
Тус арга хэмжээний “ASPA Awards” шагналыг Мэдээлэл, технологийн үндэсний паркийн “Марчаахай” баг хамт олон хүртэн “Excellence Award”-ийн эзэн болсон байна. Түүнчлэн, тус арга хэмжээнээс гарсан нэг чухал шийдвэр нь 2024 оны Азийн шинжлэх ухааны паркийн 27 дугаар хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн явдал байлаа.