Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ) олон улсын жишигт нийцсэн төрөх тасагтай болжээ. Тус төвийн барилгыг барьснаас хойших 35 жилийн хугацаанд төрөх тасагт нь засвар, үйлчилгээ хийгээгүй байжээ. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сараас их засварыг эхлүүлж, агааржуулалтын систем, дулааны болон сантехникийн шугамыг нь олон улсын жишгийн дагуу бүрэн шинэчилж, тасгийн бүх өрөөг хүчилтөрөгчийн хангамжтай болгосон гэнэ. Цаашид ЭХЭМҮТ-ийн таван тасгийг бүрэн шинэчлэхээр засварын ажлыг эхлүүлээд буй аж. Тус төвийн ерөнхий захирал Ш.Алтантуяа “Өмнө нь нэг өрөөнд 2-3 эх амарждаг байлаа. Харин одоо нэг өрөөнд нэг л эх амаржихаар боллоо. Мөн тусгай хоёр өрөөг тохижуулж, эхчүүд төрөх үедээ гэр бүлийнхэнтэйгээ хамт байх боломж бүрдүүлсэн. Тусгай өрөө нь тодорхой хэмжээний төлбөртэй байхаар тооцоолол гаргаж буй” гэв.
Бэлтгэсэн М.Оч