Монгол улсын Засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалын дагуу ”Төрийн болон орон нутгийн өмчийн хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажил гүйцэтгэлийн үнэлгээ”-г улсын хэмжээнд зохион байгуулж байна. Эл үнэлгээнд төрийн болон орон нутгийн өмчийн хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх үнэлгээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчит 992 цэцэрлэгийн бүлгийн болон биеийн тамир, хөгжмийн үндсэн багшийг хамруулна. Улмаар хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааны ахиц, үр дүн, багшийн мэргэжлийн хөгжил, цэцэрлэгийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр зэргийг харгалзана.
Ингэхдээ 2-5 настай хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах, сургалт үйл ажиллагааны төлөвлөлт үр дүн болон багшийн мэргэжлийн хөгжил, цэцэрлэг ба олон нийтийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр зэрэг шалгуурыг эцэг эх, асран хамгаалагчийн сэтгэл ханамж, багшийн өөрийн болон хамт олон, цэцэрлэгийн удирдлагын хөндлөнгийн үнэлгээний асуулгын хэлбэрээр үнэлнэ. Үнэлгээний асуулга нь боловсролын бодлого, чиглэл, эрх зүйн баримт бичигт нийцсэн, хүүхдийн хөгжилд гарах эерэг үр дүнд баримжаалсан, гүйцэтгэлийн үнэлгээний шалгуур, үзүүлэлтийг бүрэн хамарсан, багшийн ажлын үр дүнг бодитой, үнэн зөв тодорхойлохуйц байна.
Гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсан багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн мэдээллийг багш бүрээр esis.edu.mn, сургууль бүрээр stat.eec.mn, аймаг, нийслэл, дүүрэг бүрээр Bl.eec.mn цахим тайлангийн системд эрхийн зохицуулалттайгаар байршуулна. Улмаар Боловсролын ерөнхий газар гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэгийн багшид олгох мөнгөн урамшууллыг тооцон үндэсний хэмжээнд арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.