Баталсан квотын дээд хэмжээнд хүрсэн гэдэг үндэслэлээр Архангай, Булган аймаг болон Хөвсгөлийн гурван сумын нутаг дэвсгэрээс самар түүж, бэлтгэхийг хориглоод буй. Тэгвэл эдгээр газарт хяналт шалгалт хийлгэхээр БОАЖЯ-наас ажлын хэсэг томилжээ. Иргэд, аж ахуйн нэгжүүд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэхдээ хууль, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулсан, эсэхийг шалгах юм байна. Байгальд хор хөнөөл учруулсан тохиолдол илэрвэл эзэн холбогдогчийг нь тогтоон, хохирлыг нөхөн төлүүлж, байгалийн дагалт баялаг ашиглах зөвшөөрөл дахин олгохгүй байх гэнэ. Мөн ийм зөрчилд хариуцлага тооцолгүй өнгөрөөсөн албан тушаалтан, хяналтын чиг үүргээ гүйцэтгээгүй байгаль хамгаалагчдад ч хуулийн дагуу арга хэмжээ авах нь.