Түлэнхийн төвийн шинэ барилгыг ашиглалтад оруулж, иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Уг барилгыг 10 жил “царцаасан”-ы эцэст арайхийн ашиглалтад оруулсан нь энэ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа тус байгууллага өдгөө Түлэгдлийн төв эмнэлэг нэртэй болжээ. Уг эмнэлэг 60 эмч, мэргэжилтэн, 70 ортойгоор үйл ажиллагаа явуулж буй бөгөөд түлэгдэлт, хөлдөлт болон түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс заслын яаралтай тусламж, үйлчилгээг 24 цагаар үзүүлэх нь. Харин амбулаторийн тусламж, үйлчилгээг улсын бусад эмнэлгийн адил ажлын өдрүүдэд л үзүүлэх юм байна. Эдгээрт шаардлагатай хүчилтөрөгчийн шинэ үйлдвэр, мэс заслын өрөө, лаборатори, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг бүрэн суурилуулжээ.
Тус эмнэлгийн хуучин барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагаас 2012 онд гаргасан байдаг. Үүний дагуу тухайн онд эмнэлгийг нүүлгэн шилжүүлж, хуучин барилгыг нь суллан, шинээр барихаар шийдвэрлэсэн юм. Түүнээс хойших 10 жилийн хугацаанд Түлэнхийн төвийнхөн ихэвчлэн байр түрээслэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Өөрөөр хэлбэл, тогтсон байргүй, байсхийгээд л ийш тийш нүүдэг байснаас үйл ажиллагаа нь хөгжих бус, харин ч хумигдаж, тэр хэрээр эмч, мэргэжилтнүүдийн ажиллах нөхцөл ч хүнд байжээ.
Бэлтгэсэн М.Оч